Аймгийн онцгой комисс хуралдлаа

  Ховд аймгийн онцгой комиссын хурлаар аймаг орон нутагт болж байгаа цаг үеийн асуудлуудыг хэлэлцсэн юм. Хурлаар нутгийн ихэнх хэсгээр цаг агаарын төлөв байдал ямар байх талаар цаг агаарын урьдчилсан прогнозыг Ховд аймгийн УЦУОШГ-ын зүгээс танилцуулсан бол ХАА-ын газраас өвөлжилтийн өнөөгийн байдал цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Хурлаар дулааны Бадамлах дөл компани, Ховд дулаан ТӨХК-наас үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хүргэсэн бол хүйтний эрч чангарч байгаа өдрүүдэд дулааны станцуудыг боломжит хугацаандаа халаалтаа сайн өгч хариуцлага өндөртэй ажиллах хэрэгтэйг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав үүрэг болголоо.





 
Энэ жил Ховд аймгийн тухайд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаан байгаа билээ. Тэгвэл энэ сарын 20-28-ыг хүртэл цаг агаарын төлөв байдал хэвийн байх бол хоёрдугаар сарын эхний арван хоногт эрс хүйтэрч хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг хурлын үеэр онцолж байлаа. Үүнийг дагаад зарим сумуудаар зудын байдал үүсч, малын хэвтэр бууц хомсдож болзошгүй учир аймгийн өвс тэжээлийн нөөцөөс хөнгөвчилсөн үнээр шаардлагатай сумдад өвс тэжээл олгох санал гаргалаа. Мөн хүйтний эрч чангарч байгаа энэ үед дулааны шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүйг тооцоолоод иргэдийн ая тухтай байдлыг хангах үүднээс дулааны Бадамлах дөл болон Ховд дулаан ТӨХК-ий үйл ажиллагаанд хяналт тавих мөн орон сууцны айл өрхүүдээр орж нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг онцгой комиссын хурлаас гаргалаа.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)