Аймгийн онцгой комиссын ээлжит хурал хуралдлаа

  Ховд аймгийн Булган сумын Булган авто замын боомт нь БНХАУ-ын Такашикен боомттой хил залган оршдог бөгөөд тус боомтууд нь хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй байнгийн ажиллагаатай боомт гэж тодорхойлогдсон байдаг. Тэр ч утгаараа Булган боомтоор Хөшөөтийн нүүрсний уурхайн нүүрс тээврийн хүнд даацын автомашин зорчдогоос гадна, баруун хилээс ачаа бараа татдаг худалдаа наймаа эрхлэгчид, БНХАУ-ын аймаг муж, хотуудад суралцаж буй оюутнууд гээд ачаалал өндөртэй, улс хооронд дамжин өнгөрөх гол боомтын нэг юм. Коронавирусын халдвар олон улсад нэмэгдэж хурдацтай тархаад байгаа энэ үед хил гаальтай ойр орших аймгийн хувьд хамгийн гол анхаарлаа Коронавирусын голомт бүхий БНХАУ-тай хилэлдэг Булган боомт руу хандуулах нь зүйн хэрэг хэмээн аймгийн онцгой комиссын гишүүд үзлээ.



Өнөөдрийн байдлаар тус боомтоор БНХАУ- руу аяллын журмаар гарсан Монгол улсын 2 иргэнийг нэвтрүүлээд байгаа гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгөөд байна. Гэвч БНХАУ-ын аймаг муж, хотуудад суралцаж буй Монгол оюутнууд тус хилээр нэвтрэх боломжоо хязгаарлуулаад байгаа гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд оюутнуудын тоо тодорхой бус байна. Харин Хөшөөтийн уурхайн нүүрс тээврийн жолооч нар олон улсын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа учир тээврийг зогсоох боломжгүй. Тиймээс аймгийн мэргэжлийн байгууллагуудын зүгээс тухайн тээврийн жолооч нарт зөвлөмж хүргүүлэн, машин унаанаасаа аль болох буухгүй байх, хүн амьтантай харьцахгүй байх, хамгаалах хэрэгсэл, халдав хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллах зэргийг чиглэл болгон өгөхөөр болоод байна.





Хил гааль дээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж, эрсдэлийн үнэлгээ тогтоох, хил гаалиар нэвтрэх болон дамжин өнгөрөх иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн, хяналт тавьж, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа гэх мэдээллийг өгч байна. Хамгийн гол нь коронавирусаас урьдчилан сэргийлэх үүднээс хил гаалиар нэвтэрч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулан коронавирусийн нууц үе илрэх хугацаа өнгөрөх хүртэл буюу 7-14 хоног тусгаарлах шаардлагатай хэмээн онцгой комиссын гишүүд шийдвэрлэлээ. Гэвч иргэдийг тусгаарлах байр савны асуудал тийм ч хангалттай төвшинд байж чадахгүй байна хэмээн тэд үзэж байна. Тиймээс тусгаарлах байр, халдваргүйжүүлэлтийн бодис, багаж хэрэгслийн нөөц бүрдүүлэн асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллахаар болж байна.





Онцгой комиссын хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал бол аймгийн хэмжээнд амны хаалт, гар ариутгагч бодис зэрэг халдвар хамгаалалтын наад захын хэрэглээ хомс байгааг онцлоод ханган нийлүүлэгч байгууллагуудаас шуурхай татан авалт хийж нөөц бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг ЭМГ-рт үүрэг болгоод байна. Түүнчлэн олон нийтийн газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, баар цэнгээний газрын цагийн хувиарыг 22 цагаар тогтоосон бол РС тоглоом, сүм хийдийн үйл ажиллагаа, секц дугуйлан, давтлага өгөх зэрэг олон нийтийг тэр бүр хамардаггүй хирнээ хөл хөдөлгөөн ихтэй газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийн улсын хэмжээнд зарласан хөл хорио тогтоосон шийдвэрийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мөрдөж ажиллахыг Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.







Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн идэвхжил өндөртэй энэ үед иргэд олон нийт орон гэрээсээ гарахгүй хөл хорионд байх нь хамгийн найдвартай арга хэмээн зөвлөж байгаа учир аймгийнхаа нийт иргэдийг эрүүл мэндийн байгууллагаас гаргаад байгаа зөвлөмж мэдээллийг чанд сахин хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг хэлж байсан.





Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)