16 иргэнд гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна

  Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Улаан загалмай хороотой хамтран гэрийн асрамж халамжийн үйлчилгээг 6 дахь жилдээ үзүүлэн ажиллаж байна.Үйлчилгээ үзүүлж байгаа иргэдээ сонгохдоо өрхийн эмнэлгээр дамжуулан байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг авч Жаргалант сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулж, сонгогдсон өрхийн иргэдэд дээрх үйлчилгээг үзүүлэн ажилладаг байна. Энэ жил гэрийн асрамж халамжийн үйлчилгээг 16 иргэнд үзүүлэн ажиллаж байна.



Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа Ховд аймгийн УЗХ-ны сайн дурын идэвхтэн гишүүнд 2 асруулагч оногдож байна. Тэд байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр оронг цэвэрлэх, усанд оруулах, үс хумсыг нь авч өгөх, хоол цайг нь бэлтгэх, хувцас хунарыг нь угаах, ариутгал халдваргүйтгэл хийх, эрүүл мэндийн анхан шатны туламж үйлчилгээг 10 хоногийн турш үзүүлэн ажиллахаар гэрээлжээ.



Байнгын гэрийн асаргаанд байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч халамжлахын тулд заавал нэг хүн дэргэд нь байх шаардлага гардаг.
Тиймээс төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх хэрэгцээ шаардлага байна гэдгийг асруулагчдын ар гэрийнхэн онцолж байсан.
Гэрийн асрамж халамжийн үйлчилгээг зорилтот иргэдэд үзүүлж дууссаны дараа сэтгэл ханамжийн судалгаа авч цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг зорьдог байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)