Баруун сумдад цас их орсноос болж зарим багийн зам хаагдаад байна

  Өвөлжилт хүндрэлтэй байгаа сумууд болох Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар болон бусад албаны төлөөллүүд цаг үеийн нөхцөл байдалтай танилцан зохих арга хэмжээ авч ажиллалаа.



Баруун гурван сумын хувьд нийт нутгаар цастай, тал хээрийн бүсдээ цасны зузаан 20-30 см, уулархаг бүс нутгаар 60-70 см орчим зузаан байгаа бөгөөд айл өрхүүд рүү зам хаагдсан хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байна. Иймээс сумдад Улсын Онцгой Комисоос өвс тэжээлийн дэмжлэг болон шатахууны дэмжлэг үзүүллээ.



Үенч сумын Эрүүл мэндийн төвд Фургон авто машин, сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай суудлын авто машин шийдвэрлэлээ. Цас зудын эрсдэлтэй энэ цаг үед малчид ард иргэдэд хүрч үйлчлэхэд унаа тэрэгний хэрэгцээ тус суманд нэн тулгамдсан асуудал байсан. Түүнчлэн Цэцэг, Мөст сумдад Улсын онцгой комиссоос өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлснийг мөн энэ үеэр хүлээлгэн өгөв.

Ховд аймгийн 11 суманд өвөлжилт хүндрэлтэй байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг малчид хөдөлмөрчид эртнээс мэдэрч өвлийн бэлтгэлийг дор бүрнээ тодорхой хэмжээнд хангасан нь сайшаалтай. Тухайлбал:  Малчид өмнөх жилүүдээс илүү хэмжээгээр хадлан тэжээлээ бэлтгэж, малаа тодорхой хэмжээнд зарж борлуулан эдийн засгийн эргэлтэд оруулсны хүчинд эрсдэлт нөхцөл харьцангуй бага байгааг сумдын Засаг дарга нар онцолж байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)