ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМЫН БАЯНБУЛАГ БАГИЙН МАЛЧИН ЛОДОЙН ГОМБО АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

Монголын уламжлалт сар шинийн босгон дээр салбар салбарын алдартан гавъяатнуудыг улс орон нутаг нь алдаршуулдаг уламжлалтай. Уламжлал ёсоор Тийн урвуулагч хэмээх шороон гахай жилийн босгон дээр Ховд аймгаас аймгийн аварга малчин 60, Хошой аварга малчин 6 тодрон гарч төр түмэн, аймаг орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн сайхан мэдээ байна. Аварга малчдын шагналыг ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг сум баг, хотонд нь очин гардуулан өгдөгөө. Тэгвэл алдартан гавъяатнуудын өлгий нутаг Сутай хайрханаа орой дээрээ залсан Дарвичууд салбар салбарт бахдам амжилт гарган аймгийн аварга малчин 4, хошой аварга малчин 1, аймгийн аварга тариаланч 1, алдарт уяач 4-өөр аваргуудынхаа тоог нэмлээ. Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлж, хөдөлмөрч зан чанараараа малчин түмнээ манлайлсан эдгээр аварга малчид, алдарт уяачдын шагналыг гардуулан өгөхөөр Ховд аймгийн Прокурорын газрын дарга Н. Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэсийн ахлах мэргэжилтэн С. Дорж, Ховд аймгийн мал эмнэлгийн газрын дарга Д. Батцэнгэл, ГХБХБГ-ын дарга Б. Баярсүх нар ажиллаа.
Энэ жил Ховд аймгаас тодорсон аймгийн аварга малчдын нэг бол Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн малчин Лодойн Гомбо юм. Энэ хот айл сумын төвөөс 50 км –ийн зайд орших Гурван толгойн шил хэмээх газарт өнөтэй сайхан өвөлжиж байна. Гучин ёс дэхь жилдээ мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж яваа мянга мянган малчдын төлөөлөл болсон Л.Гомбо малчных 2018 оны жилийн эцсээр 1170 толгой мал тоолуулсан амжилтаар аймгийн аваргын болзол шалгуурыг хангасан байна.
  Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллахад өрх гэрийн гишүүн бүрийн оролцоо чухал. Жилийн дөрвөн улиралд амрах завгүй ажиллаж, мал сүргээ өсгөн бойжуулах, сүү саалиа боловсруулах, хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх гээд малчдын ажил хөдөлмөр дуусахгүй. Энэ бүхэнд ар гэрийн амьдралыг авч явах үүрэг малчин эмэгтэйчүүдэд оногддог. Аймгийн аварга малчин Л. Гомбын гэргий Д. Наранцэцэг удмын малч нэгэн. Түүний аав Давгадорж 1989 онд МУ-ын аварга малчин цол хүртэж байсан түүхтэй. Тэгвэл 30 жилийн дараа эцгийнхээ амжилтыг бататгаж, ханынхаа хамтаар аймгийн аварга цол хүртэж байна. Дарви сум эртнээс нааш Сутай үүлдэрийн хониороо алдартай учир тэрээр хонин сүргийг голчлон өсгөн үржүүлсээр ирсэн байна. Мал сүргээ бэлчээрийн даац, ургамлын сөл, ашиг шимд нь тохируулан өсгөхийг илүүд үздэг учир нэг малаас авах ашиг шим ч өндөр байдаг байна. Аймгийн аварга малчин Л. Гомбынх намартаа алдарт Хүйсийн говь, Зундаа Дарвийн нуруу, хавартаа Баруун тал, Сутай уулын бэл гээд өргөн уудам нутгийнхаа дөрвөн зүг найман зовхист сүргээ даган нүүдэллэж эцэг өвөгдийнхөө уламжлалт мал маллагааг үргэлжлүүлэн яваа малчин юм. Ийнхүү Дарви сумын аваргуудын тоо нэгээр нэмэгдэж сар шинээ амжилт бүтээл дүүрэн угтаж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)