ДАРВИ СУМЫН МАЛЧИН Д. ХУЯГАА АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

Аймгийн хошой аваргын болзол ханган шагнагдаж байгаа Дарви сумын малчин Д. Хуягаа 2009 оноос эхлэн 1000-аас дээш толгой мал тоолуулж, мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөсөн амжилтаараа аймгийн аварга малчин болж байсан бол 10 жилийн дараа ийнхүү аймгийн хошой аварга малчны болзол хангасанаар нэр хүндтэй энэ шагналыг гардан авч байна. Нутаг усныхаа уламжлалт аж ахуй, бэлчээр нутаг, өвс ургамалтай зохицуулан мал маллагааны уламжлалт аргаа хадгалан авч яваа малчин Д. Хуягаа нь хонин сүргээ голчлон өсгөдөг малчидын нэг. Нийт мал сүргийнх нь 70-80 хувийг хонь эзэлдэг байна. Харин уулын гэх тодотголтой сарлаг, адууг ч мөн тоо толгойн хувьд өсгөн үржүүлж байна. Мал маллах арга ухаан байгаль дэлхий цаг агаартай салшгүй холбоотойн дээр хүн хүчний хөдөлмөр шаарддаг ажил. Тиймээс хошой аварга малчин Д. Хуягаа нь сүүлийн 25 жилийн хугацаанд сумынхаа малгүй өрх, мал маллах сонихролтой залуусыг туслах малчнаар ажилуулан малжуулж сумынхаа нийгэм эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа тэргүүний сайн малчдын нэг. Түүний малжуулсан өрхөөс энэ жил аймгийн аварга малчин төрөн гарсан сайхан мэдээ байна. Энэ амжилт Хошой аварга малчны хөдөлмөр бүтээлийн үр дүн, өөрийн мэдлэг туршлагаа бусдад харамгүй зааж сургасаны гавьяа хэмээн нутгийн иргэд ам уралдан билэгшээж байлаа.
Аймгийн хошой аварга малчин Д. Хуягаа нь уламжлалт мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх зорилго өмнөө тавьж хичээн ажилласаны хүчинд Дарви суманд шинээр эрчимжсэн мал аж ахуй хөгжөөд байгаа сайхан мэдээ байна. Тэрээр одоогоос 11 жилийн өмнө нутгийн ард иргэд, найз нөхөдтэйгээ хамтран хоршоо байгуулж 100 га талбайд хөх тариа, хадлан, төмс хүнсний ногоо тариалан сум багийнхаа иргэдийн хэрэгцээг хангасаар ирсэн байна. Ингэснээр Дарви сумын малчид, ард иргэд хямд үнэтэй, чанартай ногоо тариа, хадлан тэжээлээр бүрэн хангагддаг байна. Амжилттай яваа хүний ард сайн хань сайхан гэр бүл байдаг гэж ярьдаг. Аймгийн хошиой аварга малчин Д. Хуягаа нь эцгийн гал голомтоос өрх тусгаарлан өнөөдрийн амжилтын эзэн болоход түүний ар гэрийг авч яваа гэргийн үүрэг чухал гэдгийг онцлох хэрэгтэй. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн салбарт нэгэн сэтгэлээр хамтран зүтгэж байгаа гэргий Т. Мөнхсайхан 25 жилийн хөдөлмөрөө хамтдаа үнэлүүлж байгаадаа баяртай байгаагаа хэлж байсаан.
Өрх гэрээ хүний дайтай авч явахын зэрэгцээ, өөрийн сум орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэх хосолсон аж ахуйг хөгжүүлнэ гэдэг амаргүй ажил. Гэвч тэрээр зүгээр суудаггүй хөдөлмөрч нэгэн. Төв суурин газар амьдрахаас илүү сум, багтаа тохилог цэвэрхэн, сэтгэл хангалуун амьдарч болдог гэдгийг үлгэрлэсэн бүтээн байгуулалтыг өөрөө эхлүүлж 2011 онд 2 давхар 9 өрөө бүхий амины орон сууц барьсанаар аймаг, сум, багтаа сайхан амьдарч болдог юм байна гэх үлгэр дууриаллыг бусдад үлгэрлэж чаджээ. Тэрээр цаг наргүй хөдөлмөрлөхийн үр өгөөжийг өөрийн биеэр мэдэрсэнээр өнөөдрийн амжилт түүнд ирсэн байна. Аймгийн аварга гэсэн эрхэм алдарыг бататгаж хошой аварга болоод байгаа түүнд МУ-ын аварга малчин болох өдөр ойрхон байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)