ХИС-ИЙН ОЮУТНУУД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

  Нөхөн үржихүйн насны иргэдийн дунд тэргүүлэх шалтгааныг халдварт болон халдварт бус өвчин эзэлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлж байна. Тухайлбал: 20-45 насныхны дунд тэмбүү өвчин, 79,5 хувь заг хүйтэн өвчин 71,2 хувийг эзэлж байна. Иймд нөхөн үржихүйн насны иргэдэд сургалт зохион байгуулах, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах нь чухал болж байгаа юм. Энэ ч үүднээс нөхөн үржихүйн насны иргэдэд зонхилон тохиолдох өвчний талаарх мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамруулах зорилгоор Аймгийн ЭМГ, Жаргалан өрхийн эрүүл мэндийн төв, ХИС хамтран ХИС-ийн оюутан залуучуудад ямар ч үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж зөвлөгөө өгч ажиллаж байна. Оюутан залуучуудын тухайд гэрээсээ хол байдаг учир тэр бүр үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаад байх боломж тааруу байдаг. Тэгвэл энэхүү үзлэг шинжилгээнд хамрагдахад заавал эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагагүй гэж эмч нар хэлж байна.

Оюутан залуучуудын дунд ихэнхдээ архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл, шүд хорхойдох, бөөрний үрэвсэл, гэх мэт өвчлөлүүд нийтлэг тохиолддог байна. Зөвхөн оюутан залуучууд ч гэлтгүй 16-24 насны иргэд ХИС-дээр ирээд үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах бүрэн боломжтой юм.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)