ОХУ-ЫН 7 ИХ ДЭЭД СУРГУУЛЬД МОНГОЛ ОЮУТНУУД ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ

  Монгол улсын баруун бүс, Оросын боловсролын анхдугаар үзэсгэлэн 2019 үйл ажиллагааны нээлт боллоо. Үзэсгэлэн энэ сарын 11-12-ны өдрүүдэд Ховд аймагт болно. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр ОХУ-ын их дээд сургуулиудын танилцуулга, боршур гарын авлага зэрэг материалуудыг хүүхэд багачуудад тараахаас гадна ОХУ-д суралцах боломжийн талаар мэдээлэл хүргэлээ.
Оросын боловсролын анхдугаар үзэсгэлэнгийн хүрээнд ОХУ-ын Алтайн их сургууль, Алтайн техникийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Горные Алтайн их сургууль, Туркийн их сургууль гэх мэт 7 их дээд сургуулийн төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзаж сургуулийнхаа үйл ажиллагааг танилцууллаа. Мөн энэ үеэр дээрх их дээд сургуулиудтай Ховд аймаг хэрхэн хамтарч ажиллаж хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломж байна вэ? оюутан суралцагчид ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдаж ОХУ-ын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах нөхцөл бололцоо байна вэ гэх зэрэг хэд хэдэн асуудлаар санал хүсэлтээ солилцлоо.
Дээрх их дээд сургуулиудын тухайд Монгол оюутнуудыг элсүүлэх бүрэн боломжтой гэлээ. Харин ОХУ-ын их дээд сургуулиудад элсэхийн тулд хэлний бэлтгэлд сайн суралцах, Орос хэлний мэдлэгтэй байх зэрэг наад захын шаардлагуудыг хангасан байх ёстой гэж холбогдох хүмүүс хэллээ.МУ-аас жилд 500 оюутан л ОХУ-д суралцдаг байна. ОХУ-ын тухайд 500-аас ч илүү оюутан залуусыг элсүүлэн суралцуулах боломжтой байдаг байна. Гэтэл оюутан болох гэж байгаа хүүхдүүд энэ талын мэдлэг мэдээлэл бага байгаагаас үүдэлтэйгээр элсэлтийн тоо санасан хэмжээнд хүрэхгүй байна гэж их дээд сургуулийн төлөөллүүд онцолж байлаа. Тиймээс ЭЕШ-ын өмнө энэ уулзалтыг хийж байгаа нь цаг үеэ олсон оновчтой уулзалт болж чадлаа гэж аймгийн удирдлагуудын зүгээс ч хэлж байсан юм.

Ховд аймгаас илүү их элсэлт авах боломжтой гэж үзэж байна. Учир нь ОХУ-тай харьцангуй ойр оршдог аймгуудын нэгд Ховд аймаг орж байгаа юм. Хүүхдүүдэд Орос хэлний мэдлэг олгох зорилгоор аймгийн БСУГ-ын дэргэд Орос хэлний салбар төв 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж  байна. Ингэснээр хүүхдүүд орос хэлний мэдлэгээ ахиулах, ОХУ-ын их дээд сургуулиудын талаар тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна энэ төвөөр дамжуулж 2017 онд 18 оюутан, 2018 онд 6 оюутан ОХУ-ын их дээд сургуулиудад элсэн суралцаж байгаа юм байна.

ОХУ-ын их дээд сургуулиудын төлөөллүүд өөрийн биеэр ирж ахлах дунд ангийн сурагчидтай уулзаж илүү бодит мэдээлэл өгч байгаа учраас Ховд аймгаас энэ жил олон оюутнууд хамрагдах боломжтой болж байна.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)