АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛОВ

  ОУ-ын Улаан Загалмайн нийгэмлэг үүсч хөгжсний 100 жил, МУ-д Улаан Загалмайн нийгэмлэг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж Ховд аймгийн Улаан Загалмайн хорооноос Хүмүүнлэгийн үйлсэд сарын аяныг өрнүүлсэн байна. Тэгвэл аяны хаалтыг байгууллагынхаа нээлттэй хаалганы өдөртэй хамтатган аймгийн төв талбайд энэ өдөр зохион байгуулж үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Энэ үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан Загалмайн хорооны тэргүүн Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Ховд аймгийн Улаан Загалмайн хорооны дарга П.Одонпүрэв, Жаргалант сумын орлогч дарга Ц.Лувсанлхамо нар болон хамтран ажилладаг байгууллагууд, сайн дурын идэвхитэн ард иргэд оролцлоо.

Хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, ОУ-ын Улаан Хавирган Сар Хөдөлгөөний үндсэн зарчмууд, Улаан загалмайн үйл ажиллагааг олон нийтэд өргөнөөр сурталчлах, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөжүүлэх, Хүмүүнлэгийн төлөө ажил үйлсийг идэвхижүүлэх, урамшуулах зорилгоор аяныг өрнүүлжээ.
Аяны хугацаанд аймгийн Улаан Загалмайн хороонд шинээр 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд гишүүнээр элсэж батламжаа гардан авчээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)