Төрийн албаны шинэчлэлийн бодлого, үзэл баримтлалын талаарх сургалт Ховд аймагт болж байна

  2019 оны 1 сарын 1-нээс эхлэн Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж, төрийн албанд шинэчлэл хийгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Засгийн газар, УИХ болон бусад яам, Тамгын газраас холбогдох дүрэм журмуудыг гаргасан байдаг. Тиймээс шинэ хууль, түүнийг дагалдан гарсан дүрэм, журмыг орон нутгийн албан хаагчдад сурталчлан таниулах, тэдэнд мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран Төрийн албаны шинэчлэлийн бодлого, үзэл баримтлалын талаарх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.



Сургалтад Ховд аймгийн 17 сумын 200 гаруй удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд оролцлоо. Тус сургалтыгТөрийн албаны зөвлөлийн гишүүн, ахлах референтүүд, шинжээчдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн удирдан зохион байгуулсан бөгөөдТөрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын журам, албан тушаалын тодорхойлолт болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулалт, төрийн албан хаагчийг шатлан дэвшүүлэх журам,ёс зүйн хэм хэмжээ болонбусад холбогдох хууль эрх зүйн зохицуулалтуудын талаар оролцогчдод мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас төрийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Харин Ховд аймгийн хувьд төрийн үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Манай аймгийн хэмжээнд төрийн захиргааны болон үйлчилгээний 167 байгууллагад 5236 төрийн албан хаагч ажиллаж, 88400 хүн амд төрийн үйлчилгээг үзүүлж байна. Тэгвэл тэдгээр албан хаагчдыг чадавхжуулах, Шинэ хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс хийж, хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар тодрууллаа.

Шинээр батлагдан хэрэгжиж буй хуулиндТөрийн албан хаагчдын эрхэмлэх гол зорилгыг “Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, Үндэсний язгуур ашиг сонирхолд зохирагдан ард түмэндээ үйлчилж, төрд үнэнчээр зүтгэнэ” гэж заасан байна. Тиймээс төрийн албан хаагчид үйл ажиллагаагаа иргэдэд ил тод, элдэв ялгаварлалгүйгээр тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж, ёс зүйн хэм хэмжээний дагуу төрийн албанд үнэнч шудрагаар ажиллах шаардлагатай гэдгийг тус сургалтыг зохион байгуулагчид онцолж байлаа.
Бэлтгэсэн: Б. Хишигзаяа




Сэтгэгдэл ( 0)