“Ховд-Залуу инженерүүдийн чуулган-2019” арга хэмжээ зохион байгуулагдлаа

  Ховд аймгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг залуучуудад танилцуулах, шилжилтийн үетэй хөл нийлүүлэн алхах боломжийг нээх, залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг дэмжих, төрд дуу хоолойгоо хүргэх, Ховд аймгийнхаа хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө төрөлх нутагтаа үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, хүчийг нэгтгэх зорилгоор Ховд аймгийн засаг даргын ивээл дор Ховд аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос дээрх чуулганыг зохион байгуулж байна.


Чуулганыг аймгийн Засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга Б. Дүгэржав нээж үг хэлсэн бол УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга С. Бямбацогт урилгаар оролцож залуу инженерүүдэд амжилт хүслээ. Орон нутагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа залуу инженерүүдийн чуулганаар гарааны бизнес, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, санхүү хөрөнгө оруулалтыг дэмжих, экспорт болон хүний нөөцийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох гэсэн үндсэн зарчимд тулгуурлан чуулахаар салбар салбарын төлөөлөл болсон 200 гаруй залуу инженерүүд оролцож байна.



Монгол инженерүүд дэлхийд үнэлэгдэж, оюуны өмчийн олон арван шинэ бүтээл туурвилыг нэвтрүүлсээр байгааг онцолж болно. Гагцхүү тэдний хийж бүтээж буй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, техник технологи, шинэ санаануудыг нь бодлогоор дэмжээд өгчихвөл нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой олон ажил хөрсөн дээр буух боломжтой юм. Хотжилт, агаарын бохирдол, бүтээн байгуулалтын чанар, гүйцэтгэл, боловсон хүчний нөөц зэргээс үүдэлтэй тулгамдаж буй асуудал салбар бүрд байдаг. Эдгээрийг шийдвэрлэхэд инженерүүдийн ур ухаан, шинэлэг санаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл хамгийн чухал нөлөөг үзүүлдэг гэж хэлж болно. Улс орон нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа ажиллаж амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэх хэтийн зорилтоо тодорхойлоход тэдний дуу хоолой, шийдвэрүүд чухал үүргийг гүйцэтгэх учир онцгой ач холбогдолтой чуулга болж байгааг оролцогчид онцолж байна.





Барилга, эрчим хүч, харилцаа холбоо, Уул уурхай, Зам тээвэр гээд томоохон салбаруудад ажиллаж байгаа залуу инженерүүд анхдугаар чуулганаа хийснээр орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлуудаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлж, цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломжтой болж байна. “ Ховд-Залуу инженерүүдийн чуулган-2019” арга хэмжээний төгсгөлд Аймгийн засаг даргын дэргэд залуу инженерүүдийн зөвлөл байгуулагдан орон нутагтайгаа хамтран ажиллах боломжоо тодорхойлно.





Сэтгэгдэл ( 0)