Хот хооронд зорчигч нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн тухайд дайвар ачаа тээшийг өдөр тутамдаа зөөвөрлөдөг гэж хэлж болно. Ингэхдээ дайвар ачааг жолооч нар тогтсон үнэ тарифгүй дурын үнэ хэлэн өөрсдийн үнэлэмжээрээ ачдаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Жишээлбэл: Бичиг дайхад 5000 төгрөг, том жижиг хайрцагтай ачаа дайхад 10-30 мянга гэх мэтээр үнэлдэг. Тэд голдуу бэлэн мөнгөө авч ачаагаа ачдаг. Гэтэл сүүлийн үед Ховд аймагт ачаа тээш хадгалах үйлчилгээ шинэ тутамд нэвтэрч хот хооронд зорчих автобусны жолооч тээвэрлэгдэж ирсэн ачаагаа шууд ачаа тээш хадгалах газарт хүлээлгэн өгдөг жишиг тогтоод байна. Харин ачаа тээш хадгалах газрын зүгээс дайвар ачаа хүлээн авах эзэдтэй нь холбогдож мэдэгдэх бөгөөд ачааг нь хүлээлгэн өгөхдөө цаг минут харгалзахгүй тухайн өдөрт багтаан авахад нэг ачаанаас 1000 төгрөг, хоног тутамдаа 2000 төгрөгний төлбөрийг иргэдээс авч байна. Асуудлын гол нь иргэд ачаагаа ачуулахдаа мөнгөө төлдөг, харин ачааг хүлээн авахад дахин мөнгө төлөх хэрэгтэй болж байна гэсэн үг.

Хол замд явж ирсэн жолооч нарын тухайд хурдан амрахаа бодох нь зүйн хэрэг боловч хариуцлагаа ухамсарлах зайлшгүй шаардлага байна. Ачааг нь мөнгөөр авсан жолооч тээш хадгалах газарт тухайн ачааны хадгалалтын мөнгийг нь төлж, иргэдээс мөнгө гаргуулахгүй байх зохицуулалтыг хийх шаардлагатай юм. Товчоор хэлэхэд иргэдийн халааснаас боловсоноор луйвар хийх эрх хэнд ч байхгүй.
Аймаг орон нутагт шинэ тутам үйлчилгээ нэвтэрч, иргэд, тээвэрчдийн ачааллыг хөнгөлж байгаа нь сайн хэрэг боловч аливаа үйл ажиллагаа тодорхой гэрээ хэлэлцээр, дүрэм журам, хуулийн хүрээнд явагдах ёстой. Гэтэл “Мөнх Торгон Зам” ачаа тээш хадгалалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа газар нь үзүүлэх гэрээ, дүрэм журамгүйн дээр, хариуцсан эзэн нь уулзахаас татгалзаж, мэдээлэл өгөхөөс зайлсхийсэн. Тус ачаа тээш хадгалалтын газрын ажилчдын ярьснаар авто тээврийн газар, шуудан үйлчилгээний газартай гэрээ байгуулан хуулийн дагуу ажиллаж байгааг онцолсон. Үнэн хэрэгтээ тус байгууллагууд “Мөнх Торгон Зам” ачаа тээш хадгалалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа газартай гэрээ хийгээгүй гэдгээ хэлсэн юм. 
Бэлтгэсэн: Админ-Эссэ