Дуут сумын Шивэр багийн малчин Ц. Цэрэнтогтох, О. Оюунбилэг нар аймгийн аварга малчин өрхөөр шалгарлаа

   17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин-8, Улсын аварга тариаланч-2, ХХААХҮЯ, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс шалгаруулдаг “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэд, Аймгийн хошой аварга малчин өрх- 6, Аймгийн аварга малчин өрх-70, Аймгийн аварга тариаланч- 8, Аймгийн аварга саальчин-5 тус тус төрөн гарлаа.
Аймаг орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрдэнэт мал сүргээ 5-н төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн салбарт өндөр үр бүтээлтэй ажилласан малчин тариаланчдын шагналыг хот айлд гардуулдаг уламжлал ёсоор Ховд аймгийн Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2 дугаар сарын 14-ний өдөр уулын бүсийн сум, Урайнхай түмний өлгий болсон Дуут суманд ажиллаж аймгийн аварга малчдын шагналыг гардууллаа.
Дуут сумаас энэ жил Улсын аварга малчин-1, аймгийн аварга малчин өрх-5 шалгарчээ. Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан Шивэр багийн малчин Ц. Цэрэнтогтохынх Ховд аймгийн төвөөс 60 км-ийн зайд байх Их дух хэмээх газар өнөтэй сайхан өвөлжиж байна.







30 гаруй жил мал маллаж, мал сүргээ 4 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж байгаа Цэрэнтогтох залуу малчдад арга туршлагаа өвлүүлж яваа туршлагатай малчдын нэг төдийгүй, сүлийн 3 жилд мал сүргээ төрлөөр нь өсгөж жилийн эцсээр 500-600 тоо толгой мал тогтмол тоолуулжээ.





  Ц. Цэрэнтогтох нь сумын мал эмнэлэг үржлийн үйлчилгээний нэгжтэй байнгын гэрээтэй ажиллаж, мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулдаг байна. Түүнчлэн жишигт тэнцсэн нутгийн шилмэл хээлтүүлэгчийг өөрийн сүрэгт сайжруулагчаар ашиглаж байгаа нь малын ашиг шим, таваарлаг чанар нь жилээс жилд нэмэгдэж байна. Энэ ч утгаараа сүүлийн 2 жил жишигт тэнцсэн хуц-5, ухна-4-ийг бойжуулж өөрийн сумын малчдад захиалгаар худалдсан байна. Ц.Цэрэнтогтох малчных сүүлийн 3 жилд өөрийн мал сүргээ өсгөхийн зэрэгцээ 1 өрхийн 3 хүнийг ажлын байраар хангаж мал маллах сонирхолтой 2 өрхөд сүү саалиа өгч өрхийн амьжиргааг нь дэмжин ажиллажээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)