Аймгийн онцгой комиссын ээлжит хурлаас12 заалт бүхий шийдвэр гарлаа

  Аймгийн онцгой комиссын 8 дугаар хуралдаан нийт гишүүдийн 96 хувийн ирцтэйгээр энэ өдөр хуралдлаа.
     Хурлаар:
1. Коронавируст Covid-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиглэлээр шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
2. Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэр, Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх, зарим хязгаарлалтын арга хэмжээ авах тухай 03 дугаар тогтоолыг танилцуулах
3. Хот хооронд болон орон нутгийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээсэнтэй холбогдуулан шалган нэвтрүүлэх пост, цэгүүдээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл
4. Мо Эн Ко ХХК-ны зүгээс экспортын бэлтгэл хангах тухай албан бичиг танилцуулах гэсэн үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна.


  Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор:
- Коронавируст Covid-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиглэлээр Ховд аймгийн ХХҮГ-ын дэргэдэх Цагаан уул ахмадын амралт сувиллын газрыг тусгаарлах байр болгон ашиглахад зориулж бэлтгэл бэлэн байдлыг 3 дугаар сарын 10-ны дотор бүрэн хангаж ажиллах, шаардлагатай тохиолдолд нэмэлтээр тусгаарлах байрыг бэлэн байлгах зорилгоор эмнэлэг, сувилал, амралтын газар, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, зочид буудал, спорт цогцолборын заал, цэцэрлэг зэрэг байгууллагуудыг ашиглах бэлтгэл бэлэн байдлыг мөн хангаж 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор удирдамж боловсруулан ажиллах - Хот хооронд болон орон нутгийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын шийдвэрээр 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал шалган нэвтрүүлэх хяналтын постонд ажиллах бүрэлдэхүүний хуваарь батлан дагаж мөрдөх.
- Тушаалтай холбогдуулан 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06 цагаас эхлэн хяналтын постоор зорчих тээврийн хэрэгсэл, зорчигчдод ариутгал халдвагүйтгэл хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна. Ховд аймгийн хэмжээгээр Шургийн гүүр, Улаан богоч, Бичигтийн пост, Мянгад сумын хяналтын пост, Манхан, Зэрэг, Дарви, Алтай, Булган сумдын хяналтын пост, Цэцэг сумын цагаан хаалга, замын хөдөлгөөн эргүүл -1, замын хөдөлгөөн эргүүл -2 гэсэн 12 маршрутын дагуу хуваарь батлагдсан гэх мэдээллийг хурлын үеэр танилцууллаа.




- 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ны өглөөний 08 цагийн байдлаар Ховд хот руу орж гарсан 2057 авто машин, 1029 зорчигч байна гэсэн судалгааг танилцууллаа.
- Улсын онцгой комиссоос аймаг нийслэл, бүх шатны засаг дарга нарт үүрэг хүргүүлсэн байна. Учир нь улс, аймаг, сумын аварга малчин, тариаланч, алтан төлийн эздийн шагнал гардуулах ажлыг Коронавируст Covid-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоогоод байгаа энэ үед зарим аймаг сумдын зүгээс малчдад гардуулан өгсөн зөрчилтэй үйлдлүүд мэдээлэгдэж байгаатай холбогдуулан дээрх үйл ажиллагааг цаашид таслан зогсоох чиглэл бүхий үүрэг хүргүүлж байна.
- Гашуунсухайт, Дорноговь, Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээврийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Мо Эн Ко ХХК нь эрсдэлээ тооцоолон БНХАУ-ын Такшикен, Шинжаан Уйгур зэрэгт коронавиурсын халдвар бүртгэгдсэн эсэх дээр мэдээлэл цуглуулж эрсдэлийн үнэлгээ хийж цаашид нүүрс тээврийг явуулах эсэхээ шийдэх нь зөв гэдгийг онцлоод БНХАУ-ын талтай харилцан тохиролцож хоногт хэдэн тонн нүүрс гаргах боломж байгааг судлан тээвэрт явдаг компани аж ахуй нэгжүүд, жолооч нарт ачаалал үүсгэхгүйгээр тээвэрлэлтийг хийх боломжийг судлах асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзлээ. Тиймээс энэ удаагийн онцгой комиссын хурлаар Мо Эн Ко ХХК-наас хүргүүлсэн мэдээллийг дараагийн онцгой комиссын хурлаар тухайн компанийн төлөөллүүдийг оролцуулан хэлэлцэхээр боллоо. Дашрамд танилцуулахад: Мо Эн Ко ХХК-нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд Ховд аймгийн МХГ, Гаалийн газар, Хил хамгаалах 0130 дугаар ангид хамгаалалтын комбинзан 100 ширхэг, зориулалтын амны маск 4000 ширхэг, резинэн бээлий 1600 хос, хлорын шохой 500 кг, гар ариутгагч 60 ширхэг / 0,5гр/ тус тус хүлээлгэн өгсөн гэх мэдээллийг ч мөн онцгой комиссын гишүүдэд танилцуулсан байна.



- Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтаар зөрчил дутагдалтай гарсан эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн захуудын үйл ажиллагааг зөрчил дутагдлаа арилгах хүртэлх хугацаанд лацдаж үйл ажиллагааг нь зогсоох нь зөв гэдэг байр суурин дээр комиссын гишүүд санал нэгдлээ.
- Онцгой комиссын чиглэлээр албан байгууллага, ард иргэдээс авч байгаа хандив,эм эмнэлгийн хэрэгслийн тоо хэмжээг нэгтгэн танилцуулах
- Ерөнхийлөгчийн санаачилсан БНХАУ-д 30000 мянган хонь хандивлах аянд Ховд аймаг 1000 хонь хандивлах болсонтой холбогдуулан малчид ард иргэд, байгууллага, аж ахуй нэгж хамт олноо уриалан хамтран ажиллах
- Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрх, гудамж талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг 12 заалт бүхий онцгой комиссын шийдвэр гарч, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тодорхой үүрэг чиглэлийг хүргүүллээ.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 2)

2020 оны 03 сарын 04-нд

Архи зардаг дэлгүүрүүдэд хорио цуцлах хүртэл хориг тавих хэрэгтэй

dolgor

2020 оны 03 сарын 04-нд

byariin odruudeer arhi zarahiig horigloh heregtei.suuliin ued sogtuu humuus ihsej bn.gudamj talbaig bohirduulj bn