Битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ
Хуулийн хугацаанд битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. УИХ-ын 16-р тойрог Ховд аймгийн тухайд 2020 оны УИХ-ын сонгуульд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан 1169 иргэн байна.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгч байгаа сонгогчдын төлөөлөл бол Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн иргэн Д. Мөнхтогтох. Тэрээр энэ жил 27 настай. Байнгийн асаргаанд байдаг түүний хувьд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын хариуцлагатай сонгуульд 3 дахь удаагаа саналаа өгч байгаа нь энэ. Түүнийг төлөөлж хууль ёсны “итгэмжилсэн хүн” буюу түүний ээж Л. Баярмаа саналын хуудас бөглөж санал өглөө.
Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 тоот тогтоолын дагуу “Сонгогчдийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар” авах ажиллагаа хуульд заасан хугацаа ёсоор эхэллээ. УИХ-ын 16-р тойрог Ховд аймгийн тухайд 2020 оны УИХ-ын сонгуульд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан 1169 иргэн байна. Эдгээр сонгогчдийн 193 нь Ховд аймгийн төв Жаргалант суманд санал өгөх юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгайлан заасан нөхцөлөөр санал өгч байгаа иргэдийн төлөөлөл бол Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн өндөр настан Ж. Уртнасан юм. Тэрээр энэ жил 83 настай. Түүний хувьд 8 дахь удаагаа сонгуульд санал өгч байна. Өмнө нь төр түмнээ хүндлэн өглөөний ургах нартай уралдан өөрийн биеэр зорин очиж саналаа өгдөг байсан бол энэ жил бие нь тэнхээрэхсэн тул зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ хүргүүлснээр ийнхүү хуулийн хугацаандаа саналаа өгч байгаа нь энэ.
Бүх нийтээр санал өгөх өдрийн өмнөх өдөр ийнхүү хуульд заасан хугацаа ёсоор УИХ-ын 16 тойрог буюу Ховд аймагт Д. Мөнхтогтох, Ж. Уртнасан шиг 1169 иргэн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай сонголт хийж санал өгч байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа тухайн өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)