Хонины ноосоор хийсэн бүтээл сүнслэг байдаг

  Эсгий урлаач Н. Батмөнх сүүлийн 3-н жил Монгол ахуйг сурталчилсан эко тоглоом үйлдвэрлэж байгаа уран бүтээлч юм. Тэрээр зах зээлд худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоом эрүүл ахуйд нийцэхгүй баталгаагүйн дээр хүүхдийн хүмүүжил төлөвшилд ач холбогдол өгөхгүй байгааг олж харснаар эко тоглоом үйлдвэрлэх санаагаа гаргаж байжээ.





Эхлээд нойлын цаас модны үртэс ашиглан тоглоом үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд бүтээлээ улам бүр баяжуулах эрэл хайгуул хийсний үр дүнд хонины ноос шивүүр зүү ашиглан тоглоом үйлдвэрлэж болох хичээлийг интернетээс бие даан суралцаж хонины ноосоор тоглоом үйлдвэрлэж эхэлсэн байна.


Амьд амтны үс, ноос ашиглаж байгаа учир хонины ноосоор хийсэн бүтээл сүнслэг байдаг.
Монгол улс хүүхдийн тоглоомынхоо 98 хувийг гадаадын улс орноос экспортолж оруулж ирдэг гэх судалгааг Н. Батмөнх олж харжээ. Түүний сэтгэлийг зовоосон бас нэг асуудал бол хүүхдүүдийн тоглож байгаа тоглоом монгол зан заншил өв уламжлалаас холдуулсан, оюун ухаан хөгжүүлэх зүйлгүй байгааг олж харсан явдал юм. Хэт хотжих асуудал нь ирээдүйн хүүхэд залуусыг өв уламжлалаа мартах нэг хөшүүрэг болж байна гэж тэр үзжээ. Учир нь цэцэрлэгийн хүүхдүүд таван хошуу малаа хооронд нь ялгаж чаддаггүй, Монгол ахуйгаа бүрэн тайлбарлаж ойлгохгүй байгааг аав хүний нүдээр олж харснаар Баруун Монголын соёл өв уламжлал, ан амьтныг харуулсан бүтээл хийхийг хичээсээр ирсэн байна.

Тэрээр бүтээлээ хийхэд ихээхэн цаг хугацааг зарцуулдгаа онцолж байсан. Тоглоомынхоо загвар, үлгэрийг гаргаж эсгэх, зүүгээр шивэх, зориулалтын өнгө будганд оруулж хатаах гээд тухайн тоглоомынхоо хэмжээнээс хамаараад багадаа 4-5 өдрийг зарцуулдаг байна. Тэрээр бүтээлээ гар аргаар хийгддэг бөгөөд хөл гар, толгой бие нь салахгүй, хэлбэр дүрсээ алддаггүйгээрээ давуу талтай.
Хүүхдийн тоглодог тоглоомыг хонины нарийн хялгасгүй ноосоор хийдэг бол бэлэг дурсгал сувнерийг хялгастай ноосоор хийдэг байна. Тэрээр 3 жилийн хугацаанд 200 гаруй тоглоом үйлдвэрлэж худалдаанд гаргажээ.
Цаашид тэрээр бүтээсэн тоглоомоо ашиглан Монгол ардын сургамжит 100 үлгэрээр хүүхэлдэйн кино хийх, Баруун Монголын эсгий туургатны театр болон музей байгуулж нутгийн брэндийг хөгжүүлэн ажлын байр нэмэгдүүлэхийг зорьж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ



 




Сэтгэгдэл ( 0)