Аймгийн онцгой комиссын гишүүд хуралдаж 8 асуудлыг хэлэлцлээ

  Хурлаар 03 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд болсон хүчтэй салхи, шуурганы улмаас үүссэн хохирлын мэдээлэл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Хүчтэй шуурганы улмаас Зэрэг, Чандмань, Дуут, Ховд, Дөргөн, Дарви, Мөнххайрхан зэрэг 11 сумын 46 гэр унаснаас 35 гэр нь дахин ашиглах ямарч боломжгүй болсон байна.
Мөн 70 гаруй хашаа, 8 байшингийн дээвэр, 1 тоглоомын талбай, 2 автомашины шил хагарсан, Дөргөн, Зэрэг сумдад үүрэн холбооны сүлжээний цамхаг хугарч унаснаас нийт 63 сая гаруй төгрөгийн хохирол учирсаныг 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Онцгой комисст уламжилж, шийдвэрлүүлэхээр болжээ. Түүнчлэн Шатахууны үнэ ханш нэмэгдэж болзошгүй учраас Шунхлай, М-Ойл ХХК-иуд БНХАУ-аас шатахуун тээвэрлэн Булган боомтоор оруулж ирэх хүсэлтээ Улсын Онцгой комисст уламжилжээ.
Энэ ажлыг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж зохион байгуулан ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

Хурлын төгсгөлд “Ковид-19”-ийн халдвар Улаанбаатар хотод голомтлон гарсаар байна. Үүнээс гадна 11 аймагт халдвар бүртгэгдээд байгаа учир иргэн бүр Улс болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сайтар дагаж, аймгаа "НОГООН БҮС" хэвээр хадгалахад онцгой анхаарах хэрэгтэйг мэдээлэл болгон хүргүүлж байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)