Үйлдвэрлэл хоршоолол ахуйн үйлчилгээ үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын хурал боллоо

  Монгол улсад үйлдвэрлэл хоршоолол ахуйн үйлчилгээ үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн арга хэмжээ тохиож байгаатай холбогдуулан аймгийн ЗДТГ, Ховд аймаг дахь МҮХАҮ-ний нэгдсэн холбоо, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран түүхт ойн баярын хурлыг зохион байгууллаа.



Монгол улсад 1931 онд Монголын анхны гар үйлдвэрийн артель үсчин, оёдолчин, гуталчин, сүлжмэлчин, гэр ахуйн цахилгаан хэрэглэл засварчин, цаг засварчин зэрэг олон мэргэжлийн ажилчид төлөвлөгөөтэйгөөр бэлтгэгдэн ажиллаж эхэлснээр тус салбар үүссэн түүхтэй.
Харин алс баруун бүс Ховд аймагт 1938 онд гар үйлдвэрийн төлөөлөгчийн газар 5 орон тоотой ажлаа эхэлж, сүм хийдийг түшиглэн 365 лам нар гар урчууд нэгдэн оёдол, мод бэлтгэх, өмд, цамц, дээл, тоорцог, малгай, монгол гутал, гөлөм, мод төмрөөр гэр аж ахуйн хэрэглэл хийж эхэлжээ.



1947-1952 онд анхдугаар 5 жилийн төлөвлөгөөт ажлаа дүгнэн ажиллаж эхэлснээр ахуйн үйлчилгээ үе шаттай хөгжиж, бүх сумдад ахуйн үйлчилгээний төвүүд байгуулагдан аймаг, сумаас олон залуус 8, 10 дугаар анги төгсөөд гадаад дотоодын ахуйн үйлчилгээний ТМС-д оёдолчин, үсчин, гуталчин, цаг засварчин, зурагчин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварчин зэрэг олон мэргэжил эзэмшин ирж сум орон нутагтаа ажиллаж байсан байна. Тэдний төлөөлөл болсон ахмад ажилчид, залуу дунд үеийн төлөөллүүд баярын хуралд хүрэлцэн ирж оролцлоо.



Ойн баярын үеэр гутлын үзэсгэлэн, зурагчдын түүхэн зургийн үзэсгэлэнг гаргаж олон нийтийн хүртээл болгосон бол үсчин, оёдолчин эсгүүрчдийн дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж, шилдэг бүтээлүүдээ ч мөн зочид төлөөлөгчдийн хүртээл болголоо.
Монгол улсад үйлдвэрлэл хоршоолол ахуйн үйлчилгээ үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын хурлын төгсгөлд салбартаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг салбар яамны болоод аймаг, үйлдвэрлэл хоршоолол ахуйн үйлчилгээний тэргүүний шагналаар шагнаж урамшууллаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)