“Бэрх-Биш-Ээлтэй” уулзалт өдөрлөг болов
Жил бүрийн 12 дугаар сарын 03-ний өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг. Манай улс тухайн өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Дээрх өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоо, хөгжлийг дэмжих, тулгамдаж буй асуудлыг сонсох,нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжийг хангах, ээлтэй орчин бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлж шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Бэрх-Биш-Ээлтэй” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж амьдардаг гэсэн судалгаа байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлын нэг бол нийгмийн болоод хүртээмжийн асуудал байдаг. Хүний асаргаанд байдаг иргэдийн хувьд эдийн засгийн өсөлтөөс амьжиргааны түвшин шууд хамааралтай болдог байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд группийн мөнгө гэж сардаа 280-500 мянган төгрөг авдаг бөгөөд өдөр тутмын ахуй амьдралдаа зарцуулахаасаа илүүтэйгээр эм тариа, асаргаа сувилгаандаа зориулдаг байна. Нөгөө талаар ажлын байрны зуучлалын асуудал ч мөн хөндөгдсөөр байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооноос гаргасан судалгаагаар аймгийн хэмжээнд 0-16 насны 354 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
Эдгээрээс 40 хувь сум орон нутагт, 60 хувь нь аймгийн төвд амьдарч байгааг онцолж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст чиглэгдсэн хандлага өөрчлөх нөлөөллийн ажил, чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа хэдий ч шийдвэр гаргах түвшин дэх нөлөөллийг улам бүр сайжруулах шаардлага байсаар байна. Нэн ялангуяа боловсролыг дэмжих, хүртээмжийг сайжруулах тал дээр шат шатандаа анхаарах шаардлага байгааг албаныхан хэлж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)