Галдан Бошгот хааны онгоныг тайх ёслол боллоо.

  Өнөөдөр /2024.08.01/ Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ Ганданпунцоглин хийдэд Галдан Бошгот хааны онгоныг тайх ёслол боллоо.

Их хааны онгоныг тайх ёслолын эхэнд
-Богд Очирвааны тахилга,
-Галдан хааны сахиус Далха Вандадын тахилга,
-Галдан хааны магтаал, тайлга тахилга,
-Шүтээн сахиусанд тахил өргөх уншлага,
-Өлзий хутаг оршоох зэрэг хурал номууд хурав.





   Үүний дараагаар Галдан Бошгот хааны овоонд гарч Төрийн батламжит туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар Алтайн магтаал хайлж, хийдийн лам нар Ойрд нутгийн тэнгэрийн ариутгал, сан, Лусдад балин тахил өргөлөө. Мөн тус сумын Намарзан багийн малчин П.Гантулгын адуун сүргээс сонгосон хөх бор морийг сэтэр татаж их хааны насыг нь мөнхөллөө.
Галдан Бошгот хааны онгоныг тайх ёслолыг хийж, шүтээн сахиусанд тахил өргөснөөр нутаг орон ган гачиггүй, ард олон өвчин зовлонгүй, мал сүрэг өсөн үржиж, хамаг амьтан барцадгүй байж бурхны шашинд өнөд оршихын билэгдэлтэй.
  Мөн гавьяа зүтгэлийг нь алдаршуулах, залуу хойч үеийнхэнд үүх түүхээ сурталчлан таниулах ач холбогдолтой юм.



  Онгоныг тайх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд, Эрдэнэбүрэн сумын удирдлагууд болон Ардын багш, шинжлэх ухааны гавьяат, доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш тэргүүтэй шашин, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Улаанбаатар хот, Архангай аймаг, Говь-Алтай аймаг, Ховд аймгийн сумдаас зочид гийчид, нутгийн уугуул иргэд зорин ирж оролцов.





    Галдан бол Зүүн гарын хаант улсыг үндэслэн байгуулагч, төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн төдийгүй монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч. 1679 онд Далай ламаас Бошгот цол хүртсэнээр Галдан Бошгот хаан хэмээгдэх болжээ. Мөн Зүүнгарын хаант улсад шарын шашныг дэлгэрүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцож, сум хийд байгуулан, жаяг ёсыг тогтоон сахил санваар хүртээж, монголын шашин соёлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан учир түүнийг XVII зууны үеийн Монголын шашны нэрт зүтгэлтнүүдийн нэг гэж зүй ёсоор үздэг.
Галдан Бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойн баяр 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.
Эх сурвалж: Ховд Хурал ажлын алба 




Сэтгэгдэл ( 0)