“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ЗАЛУУЧУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ховд аймгийн ЗДТГ, аймгийн ГБХЗХГазар, Ховд их сургууль хамтран “Тогтвортой хөгжил ба залуучууд” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

"Тогтвортой хөгжил ба залуучууд" эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь орон нутгийн залуучуудын эрх зүйн байдалд дүн шинжилгээ хийх, залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын талаар тулгамдаж буй асуудлыг хөндөн тавьж, хэлэлцэн дүгнэж, дуу хоолойгоо төр засгийн удирдлагад хүргэх, хэрэгжүүлэхэд чиглэж байв.


Монгол улсын нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын 55 хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57,1 хувь нь 15-34 насны залуучууд байна гэсэн статистик мэдээлэл байна. Иймээс Залуучуудын амьдралд тулгамдаж байгаа асуудлыг салбар бүрээр нь судалж тоо баримт, судалгаанд үндэслэсэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, Монголын залуучуудын холбоо хамтран 2 дахь жилдээ "Залуучууд судлал" эрдэм шинжилгээний бага хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан байна. Тэгвэл "Тогтвортой хөгжил ба залуучууд" эрдэм шинжилгээний бага хурлыг уг ажлын үргэлжлэл болгож орон нутгийн түвшинд зохион байгуулснаараа онцлог юм.




Сэтгэгдэл ( 0)