ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ ЭХ ОРОНЧ МАНЛАЙ ВАН ДАМДИНСҮРЭН /1871-1920/

Дамдинсүрэн нь 1730 оны үед халхын Цэцэн хан аймгаас нүүдэллэн гараад 1911 онд буцаж ирсэн Хүлэн буйрын Шинэ баргын хошууны хүн юм. Түүний өвөг дээдэст эрдэм билэгтэн цөөнгүй байсан бөгөөд Жамсран нь сумын занги явжээ. 1911 онд манжийн ноёрхолыг  устгаж, монголчууд улс төрөө сэргээн тогтоох үед Дамдинсүрэн монголын шинэ засгийн газарт захирагдах гэсэн баргын ард олны төлөөлөгчөөр Нийслэл хүрээнд ирсэн нь түүний улс төрийн ажлын эхлэл байлаа. Ж. Дамдинсүрэн 20-р зууны эхэн үеийн монгол төрийн том зүтгэлтэн байсан ба автономитын үед улсаа засах, батлан хамгаалах хүчийг шинээр байгуулан бэхжүүлэх, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх талаар олон чухал шинэтгэл хийх санал дэвшүүлж байсан боловч тэр үеийн монгол төрийн удирдагчид хэрэгсэхгүй өнгөрчээ.

Тэрээр 1912 онд Ховд хотыг чөлөөлөх ба өмнө хязгаарын байлдааны үед цэргийн том мэдлэгтэй эрхэм жанжин болохоо харуулсан ба 1915 оны Хиагтын гурван улсын гэрээний үед монголын төлөөлөгчөөр оролцсон авъяаслаг дипломатч юм.
Ж. Дамдинсүрэн Хатан баатар Магсаржавын хамт Ховд хотыг манжийн ноёрхолоос  чөлөөлөх хөдөлгөөнд их цэргүүдийг удирдан оролцож Ховдын түүхэнд мартагдашгүй гавъяа байгуулсан түүхэн хүн билээ.

Тэрээр ардын хувьсгалын үйл хэргийг дэмжсэн учир 1920 онд Шү Шюжаны харгис дээрэмчдийн гарт өртөж амь  үрэгдэхдээ Хатан баатар Магсаржав зэрэг журмын нөхдийнхөө өмнө “Би хятадын харигсуудын дэргэд хэвтэж үхвэл бууж өгсөн болох тул суугаагаараа үхнэ” гэж тангараглаад гяндангийн хана түшин толгойгоо гудайлгалгүй мөнх нойрссон аймшиггүй цогтой халуун эх оронч байсан юм.
Эх сурвалж: Ховд аймгийн ХАМГИЙН ХАМГИЙН ном




Сэтгэгдэл ( 0)