ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ
БСШУС-ын сайдын 2018 оны 10-р сарын 16-ны өдрийн А/648 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2018 оны 12-р сарын 6-ны өдрийн А/756 дугаар захирамжийн дагуу “Төрийн болон орон нутгийн өмчийн түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого”-ын ажил манай аймагт 2018 оны 12-р сарын 21-ний өдрөөс эхэлж, 2019 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.
Аймгийн Засаг даргын захирамжаар тооллогын ажлыг орон нутагт үр дүнтэй, чанартай зохион байгуулах 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон, аймгийн Музейн сан хөмрөгийн 910 дэсийн 3002 ширхэг дурсгалт зүйлийг тоолж эхлээд байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого эхэлсэнээс хойш одоогийн байдлаар 547 дэсийн 1182 ширхэг дурсгалыг тоолж, тооллогын явц 39,36%тай байгааг холбогдох мэргэжилтнүүд хэллээ.
Тооллогын явцад 200 дэс дурсгалт зүйлийг тоолох тутамд аймгийн тооллогын салбар комисс хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэж, санал дүгнэлт гарган ажиллаж байгаа юм байна.
Түүх соёлын үнэтэй өв болсон дурсгалт зүйлсийг стандартын дагуу хадгалж, иргэдэд сурталчлан таниулах ажлын хүрээнд аймгийн Музейгээс төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд дурсгалт зүйлийн тооллогын хүрээнд сумдад очиж ажиллах юм.
Тооллого явагдсанаар түүхийн үнэт өв болсон түүх соёлын дурсгал алдагдсан тохиолдолд нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллээр нь дамжуулан хил гаалийн мэргэжлийн байгууллагуудад мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх боломж бүрдэх юмаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)