ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН НЭРЭМЖИТ ШАГАЙН ХАРВААГ 2 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх зорилгоор аймгийн ИТХ, Ховд аймаг дахь Шагайн Харвааны Салбар Холбоо, аймгийн Биеийн Тамир Спортын Газар хамтран XVII жарны Тийн урвуулагч хэмээх Шороон гахай жилийн Үндэсний Шагайн харвааны "Ууган харваа”-г хоёрдугаар сарын 16-ны өдөр Ховд хотод зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд 80 орчим шагайн харваачид байдаг. Энэ удаагийн тэмцээнд 7 багийн 40 гаруй харваачид оролцож, багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Үүнээс Монгол Улсын Хүндэт харваач 5, Аймгийн гоц мэргэн 9, Аймгийн мэргэн 4, Аймгийн дэд мэргэн 2, залуу харваач 25,,, хамгийн ахмад харваач нь 80 настай, хамгийн залуу оролцогч нь 14 настай байлаа. “Ууган харваа”-ны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар оролцож, нийт харваачдад амжилт хүсэхийн зэрэгцээ сум тавьсан юм.



Энэ үеэр хөдөөгийн зарим сумдаас харваачид оролцож, тэмцээний цар хүрээ жил бүр өргөжин хөгжиж байгааг зохион байгуулагчид онцоллоо.Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт-тоглоомын нэгэн төрөл бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, 2014 онд Юнеско-гийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн. Харин манай аймагт Шагайн Харваачид 2004 оноос эхлэн нэгдсэн зохион байгуулалтад орж, Жаргалант сумаас гадна Эрдэнэбүрэн, Манхан суманд Шагайн харвааны холбоо байгуулан, орон нутагт шагайн харвааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Бэлтгэсэн: Н. Лхагва




Сэтгэгдэл ( 0)