ХОВД АЙМАГТ АЖИЛЛЖ АМЬДАРЧ БАЙГАА ЭРДЭНЭБҮРЭНЧҮҮДИЙН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО

  Монголын уламжлалт сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хэмжээнд биш нутаг усаараа хамтран тэмдэглэж, уулзаж учрах, мэнд усаа мэдэлцэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын Нутгийн зөвлөлөөс анх удаа XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахайн жилийн сар шинийн золголтыг хаврын тэргүүн сарын шинийн 12-ны билэгт сайн өдөр Буянт зочид буудалд зохион байгууллаа. Сар шинийн золголтын үйл ажиллагаанд аймгийн төвд ажиллаж, амьдарч байгаа Эрдэнэбүрэн сумын харъяат 60 дээш настай ахмадууд, нутгийн уугуул, суугуул иргэдийн төлөөлөл 100 орчим хүн оролцож, шороон гахай жилээ бэлэг ерөөлөөр угтан, азай буурал, ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, өв уламжлалаа хадгалан залгамжлуулах гэгээн үйлсийг түгээн дэлгэрүүлэн өөлд түмний ёс заншил, соёл, уламжлалаараа бахархан нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.


Үүнээс гадна оролцогчид Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын Нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан тус үйл ажиллагаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байна гэж үзээд цаашид жил бүр уламжлан зохион байгуулахыг дэмжсэн юм. Ийнхүү Цаст Цамбагарав хайрханаа шүтэн хэдэн зууныг өртөөлөн ирсэн Галданбошгот хааны голомтыг бадраан яваа, Өөлд түмний өлгий нутгийн үр сад болсон Эрдэнэбүрэнчүүд Монголын уламжлалт сар шинийн баяраа амжилт бүтээл арвинтайгаар угтаж, нутаг ус, нутгийн ахан дүүсээ гэсэн сэтгэлээр нэгдэж чаддаг оюунлаг ард түмэн гэдгээ батлан харууллаа.
Бэлтгэсэн: Н. Лхагва




Сэтгэгдэл ( 0)