ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ САНАЛ АВАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

  Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Д.Энхболд хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд болон тус салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилчидтай уулзаж дээрх хөтөлбөрт тусгах санал солилцлоо. Сүүлийн 20 гаран жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг аймаг орон нутгаас дэмжсэн ямар нэгэн бодлого байгаагүй. Дөрөв дахь засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ хугацаанд бор зүрхээрээ болгож ирсэн гэхэд хэлсдэхгүй.Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, ажилчдын нийгмийн асуудлыг бага ч болов шийдэх зорилгоор энэ онд 30 сая төгрөгийн дэмжлэгийг орон нутгийн зүгээс үзүүлэхээр болж байна.

Тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжснээр тодорхой үр дүнд хүрнэ гэж харж байна. Цаашид аймаг орон нутгийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилчдыг чадавхжуулах, тулгамдсан асуудлыг шийдэх тал дээр ач холбогдол өгч дэмжиж ажиллах боломжтой гэж орон нутгийн удирдлагууд онцоллоо.

Хэвлэл мэдээллийн салбарын ажилчдын тухайд тулгамдсан олон асуудал байдаг.Тухайлбал: Цалин хөлс бага, нийгмийн даатгал, техник тоног төхөөрөмж, хувь хүний хөгжлийн асуудал гээд хэд хэдэн бэрхшээлүүд байдаг ч өнөөдрийг хүртэл байгаа нөөц бололцоондоо тулгуурлан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд залуу боловсон хүчнээр эгнээгээ тэлж байгаа хэдий ч дээрх бэрхшээлүүдээс үүдэлтэйгээр энэ салбарт тогтвор суурьшилтай ажиллах хүмүүсийн тоо ч багассан. Тиймээс энэ салбарт ажиллах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь нэн түрүүнд шийдвэрлэхэд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагтай болж байна. Энэ хөтөлбөр хэрэгжснээр хэвлэл мэдээлллийн салбарын ажилчдын нийгмийн асуудал бүрэн шийдэгддэггүй юмаа гэхэд наад захын тулгамдсан жижиг асуудлууд бага ч болов шийдэгдэнэ гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 1)

2019 оны 03 сарын 12-нд

👍👍👍👏👏👏👏