СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНЫ ЧАДАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

  Ховд аймгийн хэмжээнд 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг үүний 216 нь сонсголын бэрхшээлтэй иргэн байна гэсэн тоон судалгаа байгаа юм. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн тухайд жирийн иргэдтэй адил төрийн үйлчилгээг хүртэх боломж бага байдаг. Учир нь төрийн үйлчилгээг авах гэхэд заавал бичгээр харилцах шаардлагатай болдог энэ нь дохионы хэлээр ярьдаг сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүндрэлтэй байдаг байна. Тиймээс төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүртээмжтэйгээр авах боломжыг нь бүрдүүлэх үүднээс ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Аймгийн ХХҮГ хамтран Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцааны чадамжийг нэмэгдүүлэх дохионы хэлний сургалтыг Ховд аймагт явуулж байна.

МУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд Хүн бүр хөгжлийн бэлхшээлтэй эсэхээс үл хамааран хууль шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялагаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаас нь ялгаварлан гадуурхахыг хориглоно хэмээн заасан байдаг ч нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хархаараа эвэртэй туулай үзсэн мэт шоглох, инээж, дормжлох, үл ойшоох үзэгдэл байсаар байгаа нь харамсалтай юм. Нийгмийн нэгэн хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй буюу сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг адил тэгш хүртээх, төрийн үйлчилгээг авах боломжыг нь бүрдлүүлэх үүднээс энэхүү сургалтыг явуулж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Дохионы хэлний сургалтанд нийгмийн ажилтан, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, ХХҮГ, аймгийн ЗДТГ зэрэг төрийн үйлчилгээний байгууллагын төлөөлөл болсон 20 орчим хүн хамрагдаж байна. Сургалт онолын гэхээсээ илүүтэй практикт суурьлан явагдаж байгаагаараа онцлог болж байна. Ховд аймагт төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын төлөөллийг дохионы сургагч багшаар бэлтгэснээр сонсгол хэл, ярианы бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд дохионы хэлээр чөлөөтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж тэдэнд хүргэх үйлчилгээг чирэгдэлгүй олгох боломж бүрдэж байгаа юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)