ШИМ УС ОНӨААТҮГ “ЦЭНГЭГ УС ТЭГШ ХҮРТЭЭМЖ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

  Шим ус нь аймгийн төвийн 60 орчим орон сууцны 3200 айл өрх, 197 аж ахуй нэгж, төсвийн байгууллагыг хэрэглээний цэвэр усаар хангах, бохирыг татан зайлуулах ажлыг хийж гүйцэтгэдэг.
Тус байгууллагын цэвэрлэх байгууламж нь хоногт 7000 м куб усыг механик болон биологийн аргаар цэвэрлэх хүчин чадалтай юм байна. Жилдээ 1,6 сая шоо метр бохир усыг татан зайлуудаг гэлээ.
Харин орон сууцны айл өрхүүд, аж ахуй нэгж, байгууллагуудын цэвэр усны жилийн хэрэглээ 1,8 сая шоо метр хүрч байгаа нь усны хэрэглээ стандартаас давсан гэсэн үг юм.



Жил бүрийн 03-р сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд Шим уснаас олон талт үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ. Тухайлбал: “Усаа хэмнэе” уриалгыг хэвлэж байгууллага, аж ахуй нэгж, орон сууцнуудын хаалга, орцонд нааж байршуулах, ард иргэдэд гарын авлага боршур тараах, хүн ам ихээр төвлөрсөн тодорхой 3 цэгийг сонгож иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ шаардлагтай үйлчилгээг газар дээр нь хүргэх ажлыг 2 өдрийн турш зохион байгуулна.



Хүн төрөлхтний амин чухал хэрэгцээ болсон Чандмань эрдэнэ гэгддэг усыг зүй зохистой хэрэглэж, усны зөв хэрэглээг амьдрал ахуйдаа дадал болгож наад зах нь крантаа байнга хааж хэвшихийг ч салбар байгууллагаас уриаллаа.
Ховд аймгийн нийт өрхийн 30 хувийг орон сууцны айл өрхүүд эзэлдэг юм байна. Жилээс жилд орон сууц, барилга байгууламжийн тоо өсөн нэмэгдэж байгаа энэ үед усны хэрэглээ ч дагаад нэмэгдэх болсон.
Иймд хүн бүр ухамсартай байж, нөхөгдөшгүй үнэт баялаг болсон усаа хэмнэж, усны эх үүсвэрээ хомсдол, бохирдлоос хамгаалах зайлшгүй шаардлага гарч байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)