Жаргалант сумын зорилтот бүлгийн иргэдэд зориулсан чадавхжуулах сургалт боллоо

  Сургалтыг Ховд аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Их Алтай-тогтвортой хөгжил ТББ хамтран зохион байгуулж байна. Зорилтот бүлгийн иргэдэд мэдээлэл өгч, чадавхжуулан нийгмийн үйлчилгээнээс хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтанд Ховд аймгийн Жаргалант сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэрэг зорилтот бүлгийн 150 гаруй хүн хөтөлбөрийн дагуу хамрагдах юм.
Хамгийн гол нь сургалтанд хамрагдсанаар иргэд өөрийн эрүүл мэнд, нийгмийн халамж, нийгмийн даатгал, харилцаа хандлага, стресс, зорилго, зорилт, өрхийн амжиргаагаа дээшлүүлэх болон холбогдох хууль тогтоомжуудын талаарх гэсэн өргөн сэдвийг хамарсан мэдээллийг авч асуулт, ярилцлага хэлбэрээр асуудлуудаа хэлэлцэж байгаагаараа онцлогтой болж байна.

Жаргалан сумын Баатархайрхан, Бичигт багийн зорилтот бүлгийн 25 гаруй өрхөөс бичил судалгааг авч үзэхэд дараах асуудлууд тулгамдаж байгаа нь харагдаж байна.
Үүнд:
- Мэдээллийг хүртэх боломж хомс
- Эзэмшсэн мэргэжилгүй нь ажил хөдөлмөр эрхлэх, амьдралаа дээшлүүлэх боломжийг хаадаг
- Зарим нь бичиг үсэг муутай учраас мэдээлэл авах боломж хомс
- Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг авахад хаана, хэнд хандахаа мэддэггүй
- Шинэчилсэн хуулийн заалтын талаар мэдээлэл дутмаг
- Төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах талаар мэдлэг дутмаг байдгаас үүдэн хаана хэнд хандахаа мэддэггүй, төсөл бичих талаар мэдлэг ойлголт муу, зээлэнд хамрагдах боломж байдаггүй гэх мэт асуудлууд үүсдэг байна.
Энэ нь зорилтот бүлгийн иргэдэд дээрх чиглэлүүдээр мэдээлэл өгч, чадавхжуулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байгаа юм.

Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)