Эр хонь 150-170 мянган төгрөгийн ханштай байна

  Иргэдийн хоол хүнсний гол хэрэглээ болсон мал, махны үнэ энэ хавар өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр үнэтэйгээр худалдаанд гарсан. Энэ нь нэг талаараа Ховд аймагт зуншлага тааруу гандуу байсантай холбоотой ч нөгөө талаараа махны үйлдвэрүүд малчдаас олон тооны мал худалдаж аван, боловсруулж БНХАУ-руу экспортоор гаргасантай ч холбож тайлбарлаж болох юм.
Энэ хавар малын ханш 250-260 мянган төгрөгт хүрээд байсан бол өнөөдрийн байдлаар эр хонь 150-170 мянга, эм хонь 95-100 мянга, сэрх 90-110 мянган төгрөг болж малын үнэ өмнөх сараас 30-40 хувиар хямд зарагдаж байна. Мал, махны Цагаан морь зах дээр өмнө нь Увс, Завхан аймгуудаас мал ирж зарагдаж байсан бол одоо орон нутгийн буюу Ховд аймгийн сумдаас ирсэн мал худалдаалагдаж байна.
Улсынхаа хүн амаас 20 гаруй дахин олон толгой малтай Монгол улс мал, махны үнэ ханшийг тогтворжуулах тал дээр шат дараатайгаар анхаарч ирсэн байдаг. Энэ үүднээс аймаг бүрт махны үнийг тогтворжуулах нөөцийн махны нийлүүлэлтийг өсгөх бодлогыг хэрэгжүүлсээр өдий хүрсэн ч мал махны үнийн өсөлт буурахгүй байгаад иргэд бухимдсаар ирсэн.
Цаг наашилж урин дулаантай золгож байгаа энэ үед мал, махны үнэ буурах байх гэсэн хүлээлт байгааг ч иргэд ярьж байна. Харин жижиглэнгийн худалдаачдын зарж байгаа хонины цул мах кг нь 11000 төгрөг, ястай нь 9000, ямааны цул мах кг нь 9000 төгрөг, ястай нь 8000 төгрөг, үхрийн цул мах 1 кг нь 12000, ястай нь 10000 төгрөг, тэмээний цул мах 7500 төгрөг, хонины сүүл 10000 төгрөг, хонины гэдэс 10000 төгрөгийн ханштай байна. Үүнээс үзэхэд жижиглэнгийн буюу кг-ийн махны үнэ 1000-2000 төгрөгөөр буурсан гэдгийг махны худалдаачид онцолж байлаа.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)