36 айлын орон сууцны шугам сүлжээг улсын төсвийн 344 сая төгрөгөөр шинэчилж байна

  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт байрлах 36 айлын орон сууцны хорооллын шугам сүлжээний асуудал сүүлийн жилүүдэд яригдсаар ирсэн. Учир нь 44 жилийн түүхтэй эдгээр орон сууцнуудын газар доорх шугам сүлжээг аймаг орон нутаг, мэргэжлийн байгууллагын зүгээс нөөц бололцоогоо ашиглан засвар үйлчилгээг тодорхой хугацаанд шат дараатайгаар хийсээр иржээ. Гэтэл олон жилийн элэгдлийн улмаас тухайн байрны шугам сүлжээ шүүрэн шанага шиг болсон гэхэд хэлсдэхгүй ээ. Тэгвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга хот байгуулалтын яамнаас эрх шилжиж ирсэнээр тухайн орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний засварын ажлын тендер 2019 оны 4 сарын 18-нд зарлагдсан байна. Улмаар Инженер шугам сүлжээ, иргэний ба үйлдвэрийн барилга, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “БИЛГҮҮН ОД КОНСТРАКШН ХХК" гүйцэтгэгчээр шалгарч ажлаа эхлүүлжээ.




Рашаант багийн төвийн инженерийн шугам сүлжээний ажил гэсэн нэртэй энэхүү тендерийн ажлыг улсын төсвийн 344 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж, 8-р сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч компани нь гэрээлсэн байна. 36 айлын орон сууцнуудын тухайд өвөлдөө хүйтэн, халаалтын горим алдагддаг, цэвэр усны шугамд ус алддаг зэрэг хүндрэл бэрхшээлүүд тулгардаг байсан. Мөн тус байр өмнө нь хэрэглээний хүйтэн устай, 3 хос шугамтай байсан бол энэ удаад 580 метр транс шугам сүлжээг сольж, 4 хос шугамтай болгохоос гадна хэрэглээний халуун устай болгохоор зураг төсөв нь хийгджээ. Ер нь аливаа орон сууцны ашиглалтын стандарт 7-10 жил тутамд ээлжит засвар үйлчилгээг тогтмол хийхээр заагдсан байдаг байна. Иймээс орон сууцны засвар үйлчилгээг өнгөц харах биш газар доорх шугам сүлжээний засвартай хослуулан хийж, бүгдийг нь биш юмаа гэхэд хэсэгчлэн засварлаж байх нь чухал байна.





Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)