Зөвшөөрөлгүй газарт татсан хашааг албадан буулгана

  2014 оны аймгийн засаг дарга Д.Цэвээнравдангийн захирамжаар Жаргалант сумын Бичигт багийн 9-10-р гудамжинд шинээр 66 айлын хашааны газрыг олгож ард иргэдэд өмчлүүлсэн байдаг.Харамсалтай нь анхнаасаа дэд бүтцийн асуудлыг орхигдуулснаас болж тус багийн нутаг дэвсгэрт оршин сууж эхэлсэн иргэдийн дунд худаг ус, тог цахилгаан, гэрэлтүүлгийн асуудал хүндрэл учруулсаар ирсэн байна. Өнгөрсөн оноос эхэлж худагны асуудлыг шийдэж өгчээ. Гэвч сүүлийн үед нэр бүхий хэд хэдэн иргэн гудамж талбай, худагны замыг хааж зөвшөөрөлгүй газарт хашаа татаж эхэлсэн байна. Ингэснээр ард иргэд ус зөөвөрлөх боломжгүйд хүрч айл айлын хашаа дамжихад хүрчээ. Зөвшөөрөлгүй хашаа татсан иргэдийн дунд нэр бүхий албан тушаалтан, холбогдох мэргэжилтний нэр ч явж байгаа юм.

Оршин суугчдын зүгээс газрыг чөлөөлж зам гудамж талбайг гаргаж өгөхийг шаардсан боловч тухайн төрийн албан хаагч ёс зүйгүй авирлаж, өмгөөлөгч гэх нэг хүнийг дагуулан ирж хуулиар далаалган ард иргэдийг доримжилж сүрдүүлсэн гэх юм. Ард иргэдийн санал гомдлын мөрөөр аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг тус багийн иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсон ажиллаж, асуудлыг нягталж үзээд нөхцөл байдлыг судална гэлээ. Ер нь газрын асуудал  иргэдийн дунд яригддаг байнгын сэдвийн нэг болсон. МУ-ын иргэн бүр 0,7 га газар эзэмших эрхтэйг хуульчилсан ч газар олгогддоггүй үжирсэн тогтолцоо бий болоод удаж байна. Энэ асуудалд салбарын зүгээс цаашид онцгойлон анхаарч газрын маргааныг таслан зогсоож зөвшөөрөлгүй газар хашаа татсан иргэдэд хуулийн хүрээнд шат шатанд нь арга хэмжээ тооцон ажиллана гэлээ.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)