Онцгой комиссын хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

  Ховд аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд боллоо. Хурлаар Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлэл Аймгийн Бадамлах Дөл ХХК, Ховд Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлуудын талаарх танилцуулга, Төсөвт байгууллагуудаас ирсэн саналыг хэлэлцэх зэрэг хэд хэдэн асуудлаар хуралдлаа. Эдгээр асуудлуудтай холбоотой цаашид авч хэрэгжүүлэх, анхаарч ажиллах, хариуцсан ажилдаа эзэн байхыг аймгийн Засаг дарга холбогдох албаны мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

Жил жилийн өвөл Ховд аймгийн орон сууцанд амьдарч байгаа өрхүүдийн халаалтын талаарх асуудал яригддаг. Иймээс аймаг орон нутгийн зүгээс Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Бадамлах Дөл дулааны станц болон Ховд Дулааны станцын удирдлагуудтай тусгайлан уулзаж урин дулааны цагт өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, шаардлагатай тохиолдолд аймаг орон нутгийн дэмжлэг, хамтын ажиллагаатайгаар асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэйг сануулж байсан. Энэ намрын тухайд 10-р сарын сүүлээр Ховд аймгийн нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан бүрхүүлж тогтоно гэсэн цаг агаарын урьдчилсан прогноз гарсан талаар УЦУОШГ-аас онцгой комиссын хурал дээр мэдээллэсэн юм. Тэгвэл цас орж хүйтрэх төлөвтэй энэ үед аймгийн нэгдсэн халаалтыг 10-р сарын 1-ээс өгөх боломж байгаа талаар онцгой комиссын гишүүд төр хувийн хэвшлийн 2 дулааны станцаас тодруулсан юм.

Дулааны Бадамлах дөл ХХК-ийн зүгээс ажлаа эрчимжүүлэн явуулж байгаа хэдий ч цаг хугацааны хувьд ирэх 10 дугаар сарын дунд үе хүртэл шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажил хийгдэж болзошгүйг Засаг дарга хэлсэн үгэндээ онцоллоо. Ховд Дулааны станцын тухайд өр авлагын асуудлууд их байгааг онцолсон бол Бадамлах Дөл дулааны станцын хувьд төв дамжуулах шугам сүлжээг сольж байгаатай холбогдуулан цаг хугацаандаа багтахыг анхаарч байна, энэ ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэхэд аймаг орон нутгийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг онцллоо. Аймгийн Онцгой комиссын хуралдааны төгсгөлд шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийж байгаа энэ үед ажлын уялдаа холбоогоо сайжруулж, цаг алдалгүй шуурхайлж ажиллах, хийх ажлын тоо хэмжээгээ тодорхой болгох, үүнтэй уялдуулан графикаа гарган ажиллах талаар аймгийн Засаг дарга Б. Дүгэржав үүрэг болголоо.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)