Улсын тэргүүний Зэрэг сумын сум сурталчлах өдрүүд болж байна

  Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Улсын тэргүүний Зэрэг сумын ард иргэд сум сурталчлах өдрийн нээлтээ аймгийн төв талбайд зохион байгууллаа. Энэ үеэр сумын удирдлагууд сум орон нутагтаа хийсэн бүтээн байгуулалт, цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ. Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр жижиг дунд үйлдвэр эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хийсэн бүтээл, сүү цагаан идээний үзэсгэлэнг дэлгэн тавьлаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Зэрэг сумын малчдыг дэмжих зорилгоор зөөж угсархад хялбар, мал эмнэлэгийн тарилга, туулга, угаалыг хийхэд зориулагдсан зөөврийн малын хашааг Мерси кор ОУ-ын байгууллагаас гардуулан өгсөн бол аймгийн ЗДТГ, ЭМГ-аас тус сумын ЭМГ-т пургон машин, багийн эмчид 2 мотоциклийг гардуулан өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Зэрэг сум нь сум сурталчах өдрийг аймгийн төвд 5 удаа, Улаанбаатар хотод 2 удаа тус тус зохион байгуулсан байдаг. Сүүлийн жилүүдэд Зэрэг сум нь бусад сумдтай харьцуулахад, хүн амын суурьшил, хотжилт, төрийн болон ТББ-ын тоогоор тэргүүлж байгаа сумдын тоонд багтаж байна. Энэ ч утгаараа сум сурталчлах өдрийн хүрээнд олон байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулжээ.



Зэрэг суманд шинээр хэд хэдэн байгууллагууд үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тухайлбал: Тээлийн илч орон нутгийн өмчит нэгдсэн дулааны газар, Зэрэг шим ус орон нутгийн өмчит газар, агаарын цэргийн анги, гал түймэр унтраах 70-р анги зэрэг байгууллагууд шинээр байгуулагджээ. Зэрэгчүүд ажил хөдөлмөрөөрөө бусад сумдын ард иргэдийг манлайлсаар ирсэн . Тэр ч утгаараа 2016 онд улсын тэргүүний сумаар шалгарсан байдаг.





Энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, сум багийн үйл ажиллагааг сурталчилхаас гадна иргэдийн дуу хоолойг сонсож ажиллаж байна. 2024 онд Зэрэг сум үүсэн байгуулагдсны 100 жил, 2020 онд ЕБС-ын 80 жилийн ой тус тус тохионо. Дээрх ойг угтсан бүтээлч ажлуудыг өрнүүлж эхэлсэн тухай сумын удирлагууд онцоллоо. Сум сурталчлах өдөр Алтан тээлийн аялгуут намар урлагийн тоглолтоор үргэлжлэх юм байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)