ЭМГ-аас “Гарын ариун цэвэр” сэдэвт сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна

  Ховд аймгийн ЭМГ-аас санаачлан Дэлхийн гар угаах өдрийг угтаж “Гарын ариун цэвэр” сэдэвт үзүүлэх сургалтыг Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэг дээр зохион байгууллаа. Хүүхэд багачуудад бохир гараар дамжин халдварлах өвчин, түүнээс гарах эрсдэлийн талаар мэдээлэл хүргэж, гараа хэрхэн зөв угаах талаар үзүүлэх сургалт хийн үзүүлсэн байна. Сургалтыг Солонгосын Койка ОУБ-ын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн удирдан явуулсан бөгөөд хүүхэд багачуудад гар угаах дарааллыг хэвшүүлэх, бохир гараар дамжин халдварлах өвчлөлийн талаар хүүхэлдэйн кино үзүүлж сонирхуулсан байна. Мөн хүүхдүүдэд бохир болон цэвэр гарын ялгаа, бохир гарт хуримтлагдсан нян бактерийг тусгай бодис, төхөөрөмжийн тусламжтайгаар харуулж өглөө өдөр, орой бүр гараа тогтмол угааж байхыг зөвлөлөө.





Бохир гараар дамждаг олон төрлийн өвчин, нян бактери байдаг. Гарт байгаа нянгийн 95 хувь нь хумсны завсарт байдаг бөгөөд бохир гарын арьсанд гэдэсний хижиг үүсгэгч 2-3 өдөр, цусан суулга үүсгэгч 3 долоо хоног, халдварт шар үүсгэгч, цагаан хорхойн өндөг зэрэг эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох олон төрлийн нян бактери байдаг учир өдөр тутам гараа зөв дарааллаар сайтар угааж хэвших нь эрүүл мэндээ хамгаалж буй хамгийн энгийн арга гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Аймгийн ЭМГ-аас төлөвлөгөөт ажлын хүрээнд гарын ариун цэвэр сэдвээр ээлжит сургалт мэдээллийг баруун бүсийн төв зах, үйлдвэр үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэгүүдэд явуулж байна.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)