Ховд аймгийн сонгуулийн хороо хуралдлаа

  Энэ жил Монгол улсын их хурлын ээлжит сонгууль болно. УИХ-ын ээлжит сонгуулийг Ховд аймагт зохион байгуулах хяналт, мэргэжил арга зүй удирдлагаар хангах зорилго бүхий сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Тус сонгуулийн хорооны анхны хурал боллоо. Хурлаар сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг болоод бусад гишүүдийг танилцуулж Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн журам, цаашид яаж ажиллах тухай чиглэл, хурлын дэг болон ээлжит сонгуулийн бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн ханган ажиллах зэрэг асуудлуудын тухай хэлэлцлээ.



Ховд аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, нарийн бичгээр ЕБ-ын 3-р сургуулийн багш н.Бөхболд нар ажиллахаар болжээ. Энэ жилийн сонгуулийн ажил дэлхий дахиныг цочроогоод байгаа Ковид-19 вирусийн цар тахлын үетэй давхцаж байгаа нь ихээхэн хүндрэл учруулж болзошгүй ч нөхцөл байдалд тохируулан сонгуулийн ерөнхий хорооноос гаргах тогтоол, шийдвэрийн дагуу хуулийн хүрээнд зохион байгуулна гэдгийг хурлын үеэр албаныхан онцолж байлаа.





Сонгуулийн ерөнхий хоро бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага юм. Өмнө нь орон нутгийн сонгуулийн хороог аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид сонгодог байсан бол энэ удаагийн сонгуулийн хороог улсын сонгуулийн хорооноос сонгон товлож байгаагаараа ихээхэн онцлогтой гэдгийг хэлж байна. Ховд аймгийн сонгуулийн хорооны гишүүдээр  өмнө нь сонгуулийн хороонд ажиллаж байсан туршлагатай, салбар салбарын төлөөллүүдийг сонгосон байна. Мөн сонгуулийн хороонд ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийг цахимаар бүртгэх төдийгүй шаардлагатай шалгалтуудыг ч цахимаар авахаар болжээ.  
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)