“Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал /2024-2050/ танилцуулга хийх уулзалт боллоо.


  Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал /2024-2050/”-ыг шинэчлэн баталсан.

  Уг үзэл баримтлалд  Баруун бүсийн хөгжлийн зорилгыг Төв Азийн орнууд болон ОХУ, БНХАУ-ын зах зээлтэй холбогдож, дэлхийн өв, Увс нуурын сав, Монгол Алтайн нуруу-Хангайн нурууны байгалийн унаган төрх, олон угсаатны түүх, соёлын өв, эрчим хүчний нөөцөд түшиглэн “ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРӨЛЖСӨН БҮС БӨГӨӨД БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД БҮС” болно хэмээн тодорхойлжээ.





  Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ, ЗДТГ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал /2024-2050/-ыг танилцуулж, гол үзэл санаа, хэрэгцээ шаардлага, бодлогын зорилтууд болон хөгжлийн орон зайн төлөвлөлтийн талаар мэдээлэл хүргэх уулзалт хийлээ.





  Өнөөдрийн /2024.11.07/ уулзалтад аймгийн болон Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид, төлөөлөгчид, бусад төрийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 120 орчим хүн оролцлоо.



  Уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр үг хэлсэн бол ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал А.Дашцэрэн бүсчилсэн хөгжлийн ач холбогдол, үр өгөөжийн талаар товч мэдээлэл хүргэв. Мөн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга М.Алтанбагана ерөнхий илтгэлийг танилцуулж, оролцогчдын санал бодлыг сонслоо.



  Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Баруун бүс төдийгүй Ховд аймгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар нэгдсэн ойлголттой болсноороо онцлогтой.
Эх сурвалж: Ховд Хурлын Ажлын алба




Сэтгэгдэл ( 0)