Ховд аймгийн хэмжээнд сонгуулийн санал хураах бэлтгэл ажил бүрэн хангагдсан

  МУ-ын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход нэг хоног үлдээд байна. Энэ удаагийн сонгууль дэлхийн улс орнуудад Covid-19 дэгдэлт хэлбэрээр гарч олон хүнийг хамран цар тахлын хэмжээнд хүрч, өвчлөл, эндэгдэл өдөр бүр нэмэгдсээр байгаа хүндхэн нөхцөлд болж байгаа тул Улсын онцгой комиссоос гаргасан тушаал шийдвэр, өндөржүүлсэн бэлэн байдлын үед сахих журмын дагуу дагуу зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаад байгааг албаны зүгээс мэдэгдэж байлаа.
Тиймээс Ховд аймгийн сонгуулийн хорооны шийдвэрийн дагуу Зооноз өвчин судлалын төвийн мэргэжлийн баг сонгуулийн хороо хэсэг бүр дээр ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэж байна.Өнөөдөр Ховд аймгийн сонгуулийн хорооноос сонгууль өгөх хэсэг бүр дээр бэлтгэл бэлэн байдал ямар байгаатай танилцан нэмэлт зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаа.



 Ховд аймгийн тухайд 91 сонгуулийн хэсгийн хороо ажиллана. Хэсгийн хороо тус бүр 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд цагдаагийн 2 алба хаагч, онцгой байдлын газраас 2 ажилтан, ЭМ-ийн 1 ажилтан, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 1 ажилтан, мэдээлэл технологийн 1 даамал зэрэг хүмүүс нэмэлтээр ажиллахаар болж нийт 1462 төрийн албан хаагч сонгуулийн үеийн ажлыг хийж гүйцэтгэхэд оролцохоор болжээ.





 Иргэн бүр сонгуулиа өгөх үүрэгтэй гэсэн хэдий ч халдвар хамгааллын үеийн дэглэмийг баримталж сонгуульдаа оролцох нь илүү чухал байгаа юм. Иймд иргэд та бүхнийг халдвар хамгааллын үеийн дэглэмээ сахиж амны хаалт зүүж, гараа ариутгана, 1,5 метрийн зай барьж, сонгуулийн хорооны ажилтан албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж сонгуульдаа идэвхтэй санал өгөхийг Ховд аймгийн сонгуулийн хорооноос уриалж байна.


Бэлтгэсэн: Б. Оюунжаргал 




Сэтгэгдэл ( 0)