“Kовид-19”-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлын хэсэг хуралдав

  Монгол улсад “КОВИД-19”-ийн эсрэг вакцинжуулалт эхэллээ. Энэ ажлыг орон нутагт хэдийнээс эхлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч мэргэжлийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний А/99 захирамжаар “КОВИД-19”-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.02.23/ хуралдлаа.
Хурлаар эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тооцоо судалгаа, хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, ажлын хэсэгт багтсан мэргэжлийн байгууллагуудын анхаарах асуудал, үүрэг оролцоо, вакцин татан авах, хадгалах хамгаалах асуудлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцав.
Манай аймаг эхний ээлжинд нийт хүн амын 25 хувь буюу 22197 иргэнийг “Ковид-19”-ын эсрэг вакцинжуулалтад хамруулна.
Тодруулбал:
-Төр болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын 1262 албан хаагч
-Архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй 4763 иргэн
-50-ээс дээш насны 10061 ахмад
-Орон гэргүй 16 иргэн
-Коронавируст халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа онцгой, цагдаа, тагнуул, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагын 1641 албан хаагч
-Төр болон хувийн хэвшлийн боловсролын байгууллагын 3064 албан хаагч
-Стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 1240 албан хаагч
-Асрамжийн газарт амьдарч байгаа 23 иргэн,13 ажилтан албан хаагч,
-Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч 114 иргэнийг хамруулахаар төлөвлөж байна.
Эдгээр иргэдийг дархлаажуулалтад хамруулахад аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн нийт 22 байгууллагыг дайчилж байнгын 22, явуулын 22 цэгт 245 эмч эмнэлгийн ажилтнууд ажиллах тооцоо гарган ажиллаж байна. Дараагийн ээлжинд 18-аас дээш насны үлдсэн бүх иргэдийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Х. Алтантуяа




Сэтгэгдэл ( 0)