Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилд сэтгүүлчид оролцжээ

  Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-нд Төрийн албаны зөвлөл, 21 аймаг, нийслэлийн Тамгын газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулна. Уг ерөнхий шалгалтын цахим систем, шалгалтын үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, урьдчилсан сорилт бүхий уулзалт өнөөдөр цахим болон танхимын гэсэн хоёр хэлбэрээр болов. Ингэхдээ сэтгүүлчдийг шалгалтын цахим тестийн туршилтад хамруулж, шалгалтын сорил болоод зохион байгуулалтын талаар тэдний санал бодлыг нь сонсож нээлттэй танилцуулга хийсэн байна.

 
Хоёр хоногийн дараа болох сорилын агуулга нь ерөнхий мэдлэгийн буюу хууль эрхзүй, нийгэм, эдийн засаг, соёлын мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх чадварын тестээс бүрдэх бөгөөд 21 аймаг нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж, оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулах аж. Цахим системийн хөгжүүлэлтийг мэргэжлийн экспертүүд, сорилын агуулгыг эрдэмтэн судлаачдын баг тус тус гүйцэтгэж, сорилын номыг хэвлэмэл болон цахимаар түгээж, гар утасны аппликэйшний хамт хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Ингэж шалгалтад бэлдэх олон хувилбар, боломж бүрдүүлснээр иргэдийн шалгалтад тэнцэх магадлал нэмэгдэж байгаа юм.

 
Эх сурвалж: https://csc.gov.mn/




Сэтгэгдэл ( 0)