Гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс халдвар илэрчээ

  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 07-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 123 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын тохиолдол 2-оор нэмэгдэж 93 болсон бол 04 дүгээр сарын 08-ны өглөө 08:50 цагт 84 сорьцын шинжилгээний хариу гарахад 7 тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 100 боллоо. Албаны эх сурвалж мэдээлсэнээр эхний 2 тохиолдол нь Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Харин сүүлийн 7 тохиолдол нь гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс илэрчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 93 хүн эмчлүүлж байна. Сүүлд батлагдсан 7 тохиолдлыг өнөөдөр "Тусгаарлах эмнэлэг-2"-т зөөвөрлөн хэвтүүлнэ. 2 өвчтөний биеийн байдал хүнд, 5 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Маргаашнаас буюу 04 дүгээр сарын 09-ээс эхлэн зарим иргэдийг эмнэлгээс гаргаж дараагийн шатны тусгаарлалтад шилжүүлэх юм байна.
Өнөөдрийн /2021.04.08-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 85 тусгаарлан ажиглах байранд, 308 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 923 иргэн бүртгэгдээд байна.
Эх Сурвалж: Ховд аймгийн ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)