Аймгийн сонгуулийн хорооны анхдугаар хурал хуралдлаа


  Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 8 дахь удаагийн сонгууль 2021 оны 06 сарын 09-ны өдөр болно. Улс орон даяар Ковид цар тахлаас шалтгаалан хүндхэн нөхцөл байдалд байгаа хэдий ч МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд 8 дахь удаагийн төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг сайтар төлөвлөн явуулахаар тогтоод байна. Иймд МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан Аймгийн сонгуулийн хорооны анхдугаар хурал хуралдлаа. Хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоол, цаг үеийн болон аймгийн сонгуулийн хорооны чиг үүргийн талаар мэдээлэл хүргэснээс гадна үндсэн 3 асуудлыг хэлэлцэн байна.

Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, Аймгийн сонгуулийн хорооны дарга Д. Энхболд ахлах бол сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар Жаргалант сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн багш Н. Бөхболд , гишүүдээр Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э. Даваасүрэн, Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга С. Хоролсүрэн, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л. Батбаяр, аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Б. Сандагсүрэн, Ховд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б. Баярсүх, УЦУОШТ-ийн дарга А. Энхзаяа, ХУНОУТХГНХ-ын захиргааны мэргэжилтэн Д.Чинбат зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм. Харин сумдын сонгуулийн хороог тухайн сумын ЗДТГ-ын дарга ахлаж 7 хүний бүрэлдэхүүнтэй томилох юм.

Аймгийн сонгуулийн хорооны анхдугаар хуралдааны үеэр аймгийн сонгуулийн хорооны тамга тэмдгийг Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, төрийн албаны салбар зөвлөлийн дарга, аймгийн сонгуулийн хорооны дарга Д. Энхболдод хүлээлгэн өглөө. Ховд аймгийн тухайд урьдчилсан байдлаар 56300 хүн нэрсийн жагсаалтад оржээ. Эдгээр сонгогчид сонгуулийн 91 хэсгийн хороон дээр саналаа өгөх юм. Энэ удаагийн сонгуулийг төрийн захиргааны болон, төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчид хамтран зохион байгуулах юм. Энэ үүднээс манай аймгийн 1190 гаруй хүн ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах тоон судалгааг гаргасан хэдий ч өнөөдрийн байдлаар 1240 төрийн албан хаагч МУ-ын сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан цахим сургалтад хамрагдаж, шалгалт өгснөөр сертификатаа аваад байна. Эдгээр хүмүүсийг сумын сонгуулийн хороод, хэсгийн хороодод томилон ажиллуулахаар болоод байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)