Аймгийн ИТХ-ын IV хуралдаан 70 хувийн ирцтэйгээр хуралдлаа

  Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн 2021 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэлцүүлж, Төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн 2021 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа.

Мөн хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашин, сүм хийдийн үйл ажиллагааны зөвшөөрлын хугацаа сунгах тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хэлэлцүүлж, Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа Буддын шашин, Исламын шашин, Есүс христийн сүм, шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатайгаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сунгаж, аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан өндөрлөлөө.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хааж хэлсэн үгэндээ: Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, 2021 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийг тал бүрээс нь нухацтай тунгаан хэлэлцэж, оюун ухаанаа уралдуулан хамтын бүтээлч шийдвэрүүдийг гаргалаа.
Наадмын маргааш намар гэдэг. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах цаг удахгүй ирнэ. Сум байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрх, малчид тариаланчид бүгдээрээ намрын их ажилд ханцуй шамлан орж, хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороогоо засах түлш нүүрсээ татах, дулаан, халаалтын шугам сүлжээний бэлэн байдлаа хангах ажил та биднийг хүлээж байна.
Мөн Засгийн газрын шийдвэрээр цэцэрлэг, сургуулийг танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан багш сурган хүмүүжүүлэгчдийг нэгдсэн үүрэг чиглэл, сургалт мэдээллээр хангах, материаллаг баазаа бэлтгэх шаардлагатай байгааг аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааны хаалтын үгэндээ онцлон тэмдэглэж хэллээ.



Эх сурвалж: ИТХ




Сэтгэгдэл ( 0)