Нэг тонн нүүрсийг 25000 төгрөгөөр олгож байна

  МоЭнКо ХХК 2022-2023 оны халаалтын улиралд Ховд аймгийн 17 сумын иргэдэд нийт 35000 тонн нүүрс хөнгөлөлттэй үнээр буюу 1 тонныг нь 25 мянган төгрөгөөр олгож байгаа билээ.
Аймгийн засаг даргын баталсан хуваарийн дагуу ес, аравдугаар сард 9250 тонн нүүрс олгох байсан бол аравдугаар сарын 31-ний байдлаар иргэдэд 12400 тонн, аж ахуй нэгжид 900 тонн бүхэл нүүрс олгоод байна. Орон нутгийн иргэдэд бүхэл нүүрс олгохын тулд өдөрт дунджаар 25-30 машин буюу 800-1000 тонн нүүрс буулгаж, шигшиж ялгадаг. Үүнээс бүхэл нүүрсний гарц хамгийн ихдээ 20 хувьтай байдаг. Уурхайн ажилтнууд өдөрт дунджаар 250 тонн бүхэл нүүрс шигшиж, гар аргаар чулуулгийг нь ялган бэлтгэж байгаа. Энэ жилийн хувьд 8 цагт 70-80 тонн нүүрс ялгах хүчин чадалтай чичиргээт шигшүүртэйгээ зэрэгцүүлэн 8 цагт 240 тонн нүүрс шигших хүчин чадалтай шинэ үйлдвэр ашиглалтад оруулаад байгаа.


Хөшөөтийн уурхайн хувьд Монголын хамгийн хүнд геологийн тогтоцтой орд бөгөөд нүүрсэн давхарга, чулуун хөрс холилдсон байдаг учраас шигших, ялгах технологиор бүхэл нүүрс бэлтгэдэг. Харин экспортын нүүрсний хувьд нарийн ширхэгтэй, нунтаг хэлбэртэй байдаг учраас иргэдийн шаардлагад нийцдэггүй. Тиймээс иргэдийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Хөшөөтийн уурхай халаалтын улиралд бэлтгэн, ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлж, техник тоног төхөөрөмжөө шинэчлэн бүхэл нүүрс нийлүүлж байна.
1 тонн бүхэл нүүрс бэлтгэх зардал нь 100 мянган төгрөгөөс давдаг хэдий ч Ховд аймаг болон МОЭНКО ХХК хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу иргэдэд 25000, албан байгууллага аж ахуй нэгжид 60000 төгрөгийн хөнгөлөттэй үнээр олгож байна.
Эх сурвалж: Мо Эн Ко ХХК




Сэтгэгдэл ( 0)