“Зуслангийн нэг өдөр” арга хэмжээ үргэлжилж байна.

  Аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар зохион байгуулж буй “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээг Мөнххайрхан сумаас эхлүүлсэн. Тэгвэл Пүрэв гарагт /2023.07.20/ Дуут сумын “ХӨХ БЭЛЧИР”-т зохион байгууллаа. Тус суманд өвөлжилт, хаваржилт хүндхэн байсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн зуншлага харьцангуй сайн байна. Ялангуяа наадмаас хойш хур бороо орж байгаль илүү сэргэж байгааг малчид хэлж байлаа.





"ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" зорилтын хүрээнд өндөр уулын бүс нутагт зусаж буй айл өрх, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилготой тус арга хэмжээнд Дуут сум болон тус суманд отроор зусаж буй зэргэлдээх зарим сумдын малчдын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй иргэн /давхардсан тоогоор/ хамрагдлаа.





Иргэдэд Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Статистик, Газрын харилцаа, Invest Khovd зэрэг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсов.





 Монгол улсын Гавьяат эмч С.Цэвээнсүрэн, Ж.Даваабал, Л.Эрдэнэцэцэг, М.Дунгаамаа нараар ахлуулсан эмч нарын баг дотор, дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, амны хөндийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч ажилласанаас гадна  үсчин, гэрэл зургийн үйлчилгээг  хөдөөгийн иргэдэд  үзүүлж спортын тэмцээн зохион байгууллаа.



“ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ сарын 22-ны өдөр Мянгад сумын Баянбулаг зусланд, 23-24-нд Зэрэг сум, 25-нд Цэцэг, Мөст, Алтай сумын зуслангийн бүс нутаг “АНГИРТ”-д зохион байгуулж иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)