БНХАУ-ын Алтай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны албаны төлөөлөлүүд Ховд аймагт ажиллаж байна.

  Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Уранчимэг нар Алтай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.🙌 Уулзалтын үеэр талууд хоёр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааны чиглэл, ажлын үр дүнгээ танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.



 БНХАУ-ын Алтай аймаг нь 668,600 хүн амтай. Нийт хүн амын 49.76 хувь буюу 325800 нь эмэгтэйчүүд. Тус холбоо нь эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудлыг хариуцан ажиллаж, тэдгээрийн хөгжил, ирээдүйд хэрхэн өсөн дэвжих талаар дэмжин ажиллахад үйл ажиллагаа нь чиглэдэг байна.
Дээрх уулзалтаар дамжуулан хоёр аймгийн эмэгтэйчүүдийн холбооны хамтын ажиллагааг сайжруулж цаашид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, боловсрол, соёлын тал дээр болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хамтарч ажиллахаа талууд илэрхийлэв. Ингэснээр харилцан туршлага судлах, эмэгтэйчүүдийн хөгжил, эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог сайжруулахад чухал түлхэц үзүүлж, үр дүн гарна гэж үзэж байна.



Уулзалтын дараагаар ажлын хэсэг аймгийн Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төв дээр ажиллалаа. Энэхүү төвийн барилгын засварын ажил одоогоор явагдаж буй. Тус төв нь сургалтын өрөө, дадлагын өрөө, хоол үйлдвэрлэлийн өрөө, хүүхэд харах үйлчилгээний өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх иог фитнесийн өрөө, сэтгэл зүйн болон хууль эрхзүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг өрөө танхимаас бүрдэнэ. Засварын ажил дуусаж 100 хувь үйл ажиллагаагаа эхлүүлснээр эмэгтэйчүүд хамтдаа суралцах, хөгжих бүх талын боломжууд нээгдэх давуу талтай. 

БНХАУ-ын Алтай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны төлөөллүүд энэ сарын 28-ны өдрийг хүртэл тодорхой хуваарийн дагуу Ховд аймагт ажиллана.
Эх сурвалж:Ховд аймгийн ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)