“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ” САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

  МХЕГ-ын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас зохион байгуулж байгаа “Иргэн таны төлөө мэргэжлийн хяналт” сарын аяныг энэ өдөр улс даяар нэгэн зэрэг эхлүүлж байна. Аяны хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн МХГ-аас аяныг орон нутагт энэ өдөр эхлүүллээ. Аяныг МХГ, БОЭТ, Ач заяа эмнэлэг, Ариун шүд эмнэлэг, Сувдан шигтгээ эмнэлэг, УЦУОШГ, Ховд нийсэх буудал, ХИС гэх мэт рентген аппаратыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа эдгээр байгууллагууд хамтран зохион байгуулж байна.



Ховд аймгийн хэмжээнд цөмийн болон рентген тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа албан ёсны 7 байгууллага, аж ахуйн нэгж байдаг байна. Үүнээс мэргэжлийн тусгай зөвшөөрөл авсан 2 аж ахуйн нэгж байдаг аж.
Бусад нь холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авах эрхзүйн бичиг баримтаа бүрдүүлж байгаа гэдгийг хяналт тавин ажилладаг салбар байгууллагын зүгээс онцоллоо.



Энэ аяныг зохион байгуулснаар цацрагийн ионжуулагч тоног төхөөрөмжийн ашиглалтын стандарт шаардлага хангагдаж, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг сайжирна гэж үзэж байна. Аяны хүрээнд 5 бүлгийн 25 ажил хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна гэлээ.
Тухайлбал: Жимс жимсгэнэ хүнсний ногоонд изотопын хяналт шинжилгээ хийх, төвлөрсөн болон гүний худагны усанд цацрагийн хяналт шинжилгээ хийх, хил орчмын хөрсөнд цацрагын хэмжилт хийх зэрэг төлөвлөгөөт шалгалтуудыг хийх юм байна.
Цөмийн болон цацрагийн аюулгүй байдал гэдэг нь өөрөөр хэлбэл рентген оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжөөс ялгарч байгаа ионжуулагч цацраг юм.
Энэ цацраг нь хүний биед зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй, илүү шарлага авахгүй байх, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг цацрагтай ажиллагсад бүрэн хэрэглэж хэвшүүлэх, оношилгоо хийсэн үед тухайн өвчтөнд хамгаалах хэрэгсэл хийж үзлэг оншилгоо хийх шаардлагатай байдаг байна.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)