“Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян”-ы нээлт Ховд аймагт боллоо

  Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны нээлт аймгийн төв талбайд энэ өдөр боллоо. Тус аян Ховд аймагт анх удаагаа хэрэгжиж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд болон салбар байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Ховд аймгийн тухайд зүрх судасны тогтолцооны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэх, зүрхний шигдээсийн өвчлөлөөр улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа нь аян хэрэгжүүлэх шалтгаан болсон гэж мэргэжлийн салбарынхан онцоллоо.


2018 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл нэгдүгээрт, зүрх судасны өвчлөл хоёрдугаарт орж байна. Зүрх судасны өвчлөлийн 63,9 хувийг цусны даралт ихсэлт, 16,1 хувийг зүрхний судас бөглөрөлт, 7,3 хувийг тархи судасны өвчин тус тус эзэлж байна. Ховд аймаг өндөр уулын бүсэд оршдог учраас иргэдийн дунд даралт ихсэх өвчин түгээмэл байна гэж эмч мэргэжилтнүүд хэллээ.

Хаан банк, П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, хамтран тус аяныг улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион байгуулж байна.



Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны баг энэ сарын 25-27-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллах юм. Ажиллах хугацаандаа ард иргэдэд урьдчилан сэргийлэх, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийх юм байна. Цусны даралт харвалт өвчин сүүлийн жилүүдэд залуужиж, хот суурин газар төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж байгаа нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг эмч нар хэллээ. Тиймээс иргэд цаашид урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах чухал алхам болно гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)