Мэс заслын алба байгуулагдсны 90 жилийн ойн баяр болоо

  1929 онд Ховд аймагт мэс заслын алба анхны сууриа тавьж эхэлснээр хүн ардад мэс заслийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн байдаг. Тэгвэл Мэс заслын алба байгуулагдсны 90 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярыг зорьж тус салбартай ажил амьдралаараа холбогдож ирсэн үе үеийн ахмад эмч сувилагчид гээд монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа эмнэлэгийн эмч ажилчид ойн баяртаа хүрэлцэн иржээ. Ховд аймгийн мэс заслын тасгаас МУ-ын эрүүл мэндийн салбарын алтан гартнууд төрөн гарсан байдаг. Тухайлбал: Ардын эмч академич, хөдөлмөрийн баатар Н.Баасанжав, МУ-ын гавьяат эмч Даш, Буджав, Ж.Эрхэмбаяр, Б.Отгоншар, Ц.Даваахүү гээд олон арван гавьяатууд төрөн гарсан байдаг нь энэ цаг үеийн бахархал болж байна.



Тэртээ 1929 онд мэс заслын 2 ор бүхий тасаг нээж гэмтэл мэс заслын өвчтнийг хэвтүүлэн эмчилж эхэлснээр мэс заслын тасгийн анхны суурь тавигджээ. Тэгвэл ойн баяраа бахдам их амжилт ажил үйлсийн арвин сантайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад эмч нарын хөдөлмөр зүтгэлийн үр шимээр 90 жилтэйгээ золгож байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Жил ирэх тусам тус тасгийн үйл ажиллагаа улам сайжирч, орчин үеийн тоног төхөөрөмж, техник технологийг ашиглан олон төрлийн нарийн төвөгтэй хагалгааг амжилттай хийдэг болжээ. Түүнчлэн дурангийн хагалгааг хөдөө орон нутагт нэвтрүүлсэн анхны аймгийн нэг болж чадсан байна. Одоогийн мэс заслын тасагт ажиллаж байгаа эмч нарын тухайд төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшиж, бүс нутгийн хэмжээнд мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлсээр байгааг ч салбарын удирдлагууд тодотгон онцолж байлаа.



Ялангуяа мэс заслын алба нь эрүүл мэндийн салбарын гол хөшүүрэг болдог.Тэр ч утгаараа гадаад харилцааг чухалчлан үзэхийн зэрэгцээ мэс заслын албыг хөдөө орон нутагт хөгжүүлэхэд ихээхэн анхаарч Булган Манхан суманд эмч нарыг томилон ажиллуулж эхэлжээ. Жилд дунджаар 1000-1200 хүн хэвтэн эмчлүүлж хагалганы идэвхижил 65-с дээш хувьтай байгааг онцоллоо. Ийнхүү 90 жилийн ойн баяраа 3 өдрийн турш өргөн дэлгэр тэмдэглэж, бахдам амжилтын 90 жилийн түүхийн хуудсаа зузаатгалаа.




Сэтгэгдэл ( 0)