ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 45- дахь удаагийн тэмцээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш суралцагсад Монгол улсаа төлөөлөн 8 мэргэжлээр оролцсон байна. Энэ удаагийн тэмцээнд Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн сантехникийн ангийн оюутан Дашдэрэм, удирдагч багш Батаагийн хамт амжилттай оролцоод төрөлх нутагтаа газардлаа. Дэлхийн ур чадварын тэмцээнд 2 дахь удаагаа эх орон эх нутгаа төлөөлөн амжилттай оролцсон багш оюутнаа Ховд хөгжил политехник коллежийн удирдлагууд, багш ажиллагсад, оюутан суралцагсдын төлөөлөл Ховд ОУ-ын нисэх буудал дээр хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг мөнгө аягатай сүүгээ барин угтлаа.

  Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 60 гаруй орныг төлөөлөл оролцсон бөгөөд нэг багш нэг суралцагч гэсэн зарчмаар тус тэмцээн явагддагаараа онцлогтой. Дараагийн дэлхийн ур чадварын тэмцээн 2021 онд БХНАУ-ын Шанхай хотноо болно. Тус тэмцээнд оролцохын тулд эхлээд Монгол ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эрхээ авснаар дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдөх боломжтой болох юм. Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн багш суралцагсад Монгол ур чадварын тэмцээнд тогтмол амжилттай оролцож дэлхийн тэмцээн оролцох эрхээ нэр төртэйгөөр гардан авч чаддаг нь тус сургуулийн багш суралцагсдын чансааг илтгэсээр байгаа юм.

Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн тухайд дэлхийн ур чадварын тэмцээнд 2017 онд багш суралцагчдаа амжилттай оролцуулж байсан туршлагатай сургууль юм. Сургуулийн захиргаа, багш суралцагсдын ур чадвар нь Монгол ур чадварын тэмцээнд өндрөөр үнэлэгдэж, тогтмол ОУ-ын чанартай томоохон уралдаан тэмцээнд оролцох эрхээ гардан авсаар иржээ. Энэ удаагийн тэмцээн нь өмнөх амжилтаа бататгасан, дараагийн оюутнаа бэлтгэх ур чадварын томоохон сорил тэмцээн боллоо гэж үзэж байгаагаа хэлж байна.  Цаашид тус сургуулийн зүгээс дэлийн ур чадварын тэмцээнд дан ганц сантехникийн төрөл гэлтгүй 8 төрөл тус бүрд багш суралцагсдыг бэлтгэн оролцуулахад анхаарч ажиллаж байгаагаа хэлж байна.

Бэлтгэсэн: Админ-Эссэ